Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 54810Нийт сэтгэгдэл: 60

БОСТОН СЕЛТИКС: ХЯМРАХ ШАЛТГААН ЮУНД БАЙНА ВЭ?

12-р сарын 1 | 11 цаг 07 минут

Ирэх 6-р сард финалд тоглох том зорилготой  улирлаа эхлүүлсэн Бостон Селтикс баг улирлын ¼ ыг багууд ардаа орхиод буй энэ үед лигийн дундаж багуудаас ялгарах зүйлгүй харагдаж байна. Сүүлийн хэдэн жилд гэмтэл бэртэлд нэрвэгдсэн ч өөрсдийн боломжоосоо илүү тоглож байсан тэдний хувьд энэ улирлыгбүрэн бүрэлдхүүнээрээ эхлүүлэх нөхцөл эцэст нь бүрдсэн билээ.

Хорфорд-Ирвинг-Хэйвард гэсэн “Бүх Одод” гурвалтай тэднээс үзэгч та бид одоо байгаа 11-10 аас нь илүү амжилт хүлээж байсан нь тодорхой. Жишээлбэл өнгөрсөнулиралд Гордон Хэйвардыг гэмтэлд алдсан ч тэд эхний 20 тоглолтын дараах байдлаар 17-3 амжилттай лигт тэргүүлж байлаа. Тэгвэл тэдний энэ тааруу эхлэлийн шалтгаан юу вэ? Дорнод бүсэд манлайлах учиртай тэдний асуудал юунд байна вэ?

Довтолгоо

Юуны түрүүнд тэдний хамгийн том асуудал бол довтолгоо юм. Хэрвээ Брэд Стивенс дасгалжуулагч энэ бүхнийг учрыг эртхэн олохгүй бол тэдний мөрөөдлийн улирал бүтэлгүйтлээр дуусах магадлал өндөр байна.

Муу  довтолгооны сонголтоос эхлээд тааруу гүйцэтгэл, итгэмээргүй цөөхөн  чөлөөт шидэлтийн оролдлогоор тэдний  довтолгооны асуудлууд  үргэлжилнэ. Довтолгооны өндөр ур чадвартай хэдий ч өнөөдрийн байдлаар Селтиксийн довтолгоо лигт 24-т эрэмбэлэгдэж байна. Тэгвэл довтолгооны асуудал юунд байна вэ?

Цагирагаас зугтсан  довтолгоо

Самбар луу дайрч тоглохоос илүүтэйгээр дундын шидэлтэд хэт найдсан  залхуу өөрөөр хэлбэл амархан сагсан бөмбөг тоглох гэсэн  тоглолтын хэв маяг нь Селтиксын довтолгоонд асуудал үүсгэж  буй нэгэн гол хүчин зүйл юм. Шидэлтэд хэт их найдсан довтолгоо мэдээж тэр хэмжээний хохирол дагуулна. (Хамгийн энгийн жишээ нь чөлөөт шидэлтийн оролдлого)

Багийн довтолгооны гол лидерүүд  Кайри Ирвинг, Жэйсон Татум хоёр энэ хэргийн гол буруутнууд юм. Цагиргаас 15-18 алхмын зайнаас, залалтаас голдуу шидэж буй тэдний  сонголтууд нь  багийн довтолгоог царцааж бусад тоглогчдыг идэвхгүй болгож байгаа. Мөн бид Брэд Стивенсийн довтолгооны үндсэн суурь болсон “Олон дамжуулалт, бага залалт, багийн тоглолт“-ыг одоогоор тэднээс олж харахгүй л байна.

Нэгийн эсрэг нэг довтолгоо

Үүний зэрэгцээ  1-1 довтолгоонд хэт их найдаж буй нь тэдний дараагийн асуудал. Хэрвээ чи Кайри Ирвинг бол энэ нь асуудал бишээ. Харинчи Жэйсон Татум, Жэйлэн Браун, Тэрри Розиер эсвэл Маркус Моррис бол довтолгоог дэмжих үүрэгтэй тоглогчид чинь хэт их 1-1 довтолгоо хийж буй нь  асуудал мөнөөсөө мөн.

Хэдий энэ цаг үед лиг даяараа холын шидэлтэд дурлаад байгаа ч самбар луу чиглэсэн довтолгоо,сагсан бөмбөгийн үндсэн гол довтолгоо хэвээрээ. Эндээс л довтолгооны дараа дараагийн нөхцөл боломжууд бий болдог. Шидэлтийн алдаа, довтолгооны самбараас авалт, нэмэлт довтолгоо гэх мэт. Мөн самбарт сайн довтолсноор холын зайн шидэгчид сулрах нөхцөл бий болно. Тийм  учраас ямар ч тохиолдолд самбарт довтолж тоглогдог тоглогчид багт чухал нөлөөтэй. Харамсалтай нь одоогоор Селтикст энэ ажлыг хийх тоглогч хараахан алга байна.

Цагирагаас бүү зугт, статистик батална

Селтиксийн довтолгооны хямралыг энгийн гурван статистикаар илэрхийлбэл:

  • Будагтай талбайд авч буй оноогоор 30-р байрт
  • Чөлөөт шидэлтийн оролдлогоор 29-р байрт
  • Хамгаалалтын самбараас бөмбөг авалтаар 24-р байрт

Мөн Селтиксын багийн нийт довтолгооны 31.9% нь  цагирагт  8 алхмаас дотогш  зайд хийгдэж байна. Энэ үзүүлэлтээр тэд лигт 29-т эрэмбэлэгдэж байгаа бол тэдний   ард бичигдэж буй цорын ганц баг нь Голден Стэйт. Гэхдээ Селтиксээс ялгаатай нь аваргуудад манай гарагийн хамгийн шилдэг гурван шидэгч бий. Харин Селтикст тэдний хэмжээнд дөхөж очих шидэгч нэгээхэн ч алга.

Тэгвэл нэг тоглолтод дунджаар 2.9 удаа самбарт довтолсноороо   багтаа тэргүүлэгч Кайри Ирвинг уг үзүүлэлтээрээ лигт 79-т эрэмбэлэгдэж байгаа аж. Харин түүний араас төвийн тоглогч Аал Хорфорд 2.5 ийм довтолгоо хийж байгаа ч  уг үзүүлэлтээр лигт 102-т бичигдэж байна. Араас нь Жэйлэн Браун 2.6 Жэйсон Татум 2.2 үзүүлэлтээр тус тус багаа тэргүүлнэ. Харин лигт энэ үзүүлэлтээр тэргүүлэгч нь  Яаннис Антатеконумпо 8.9 байна.

Мөн Яаннис Антатеконумпонэг тоглолтод 9.0 чөлөөт шидэлтийн оролдлого хийж байгаа бол Селтикс багаараа 17.0 оролдлого хийж байна.

Иймд довтолгооны гол сонголт болсон эдгээр 4 тоглогч нь шидэлтэд найдахаас илүүтэйгээр самбар луу довтолсон довтолгоо илүү их хийх шаардлага гарч ирж байна. 

Улирлын өмнөх өндөр хүлээлт 

Энэ жил тэдний хувьд бүх зүйл амархан байх ёстой байлаа.Өсөж яваа залуу тоглогчид дээр хоёр “Бүх одод” тоглогч нь нэмэгдэж ирнэ. Сул “Дорнод  бүс”-д тэдэнтэй өрсөлдөх өрсөлдөгч байхгүй. Чигээрээ финал…. Улирлын өмнө мэргэжилтнүүд тэднийг 54 хожил авна гэсэн тооцоо ч гаргасан байлаа.

Гэвч аваргад хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй ээ.

Боломжоо ашигласан залуус

Өнгөрсөн улиралд Гордон Хэйвардын эзгүйд Жэйсон Татум,Жэйлэн Браун хоёрт том ачаа ирж тэд ч ачааны хүндийг үүрч ямар ирээдүйтэй тоглогчид болохоо харуулсан. Кайри Ирвинг гэмтэснээр Тэрри Розиерт ч боломж ч гарч тэр ч боломжоо 100% ашиглаж чадсан. Харин энэ улиралд тэднээс өмнөх улирлын тоглолтыг бид харахгүй байгаа шалтгаан нь тэд залуу, туршлага бага.

Дээр нэр дурдсан гурван залуу тоглогчдоос Жэйсон Татум л сүүлийн 10 тоглолтод өөрийн хэмнэлээ олж шидэлтийн гүйцэтгэл сайжрахын хэрээр тоглолтод үзүүлэх нөлөө өсч байна.Гэвч түүний гол асуудал нь энэ тоглолтоо тогтвортой үзүүлэх.

Харин Жэйлэн Браун талбайд юу хийх ёстой вэ? Ямар үүрэгтэй тоглохоо мэдэж амжаагүй яваа бол Тэрри Розиер улирал эхэлснээс хойш шидэлтээ унагаж чадахгүй бүдэчсээр өдийг хүрлээ. Хорь гаруйхан настай эдгээр залуусаас ихийг хүлээх нь өрөөсгөл ч гэлээ тоглогч бүрд багт эзлэх байр суурь, үүрэг роль байдаг гэдгийг  тэд ойлгож багийн тоглолтын сайнаар нөлөөлөх өөрийнхөө үүргийг олж мэдэх нь тэдний  хамгийн том асуудал болоод байна. Өмнөх улирлын адилаар тэд багийн гол ачааг үүрч бүхнийг хийх шаардлага үгүй гэдгийг хэн нэг нь тэдэнд ойлгуулах хэрэгтэй.

Гордон Хэйвард

Өөр нэг асуудал бол  энэ улиралд гэмтлээсээ эргэн ирээд байгаа Гордон Хэйвард. Түүний хурд хүч, мэдрэмж  өмнөх шигээ хараахан болоогүй байгааг нь бид улирал эхэлснээс хойш харж байна. Бүтэн жил НБЭ-ын тоглолтод оролцоогүй түүнд багагүй хугацаа шаардлагатай нь ойлгомжтой.

Гэхдээ Селтиксын аваргын өрсөлдөөнд яригдахын тулд  Юта Жаззд тоглож байсан Гордон Хэйвардын тоглолт  тэдэнд шаардлагатай нь маргаангүй. Гэвч одоогоор Хэйвард гараанд гарсан ч сэлгээнээс тоглосон ч багтаа ямар нэгэн нөлөө хараахан үзүүлж чадаагүй л байна.

Амжилттай болж байгаа бүхэн дасгалжуулагч сайных биш бол багийн тааруу тоглолт зөвхөн тоглогчдын алдаа биш

Тоглогчид илүү шаргуу, идэвхтэй самбарт довтлох шаардлагатай байгаа ч тэдэнд үүнийг хийх нөхцөлийг дасгалжуулагчид бүрдүүлж өгөх ёстой. Селтикс лигийн хамгийн шилдэг довтолгооны бүрэлдэхүүнтэй багуудын нэг билээ. Ирвингийн хамгийн том ур чадвар оноо авах, Хорфорд пик-нролл гүйцэтгэлд лигийн шилдгүүдийн нэг, харин Жэйсон Татумын ямар чадвартайг өнгөрсөн улиралд бид хангалттай харсан.

Тэгвэл энэ баялаг нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаа тэдний асуудал юу юм бэ? Брэд Стивенс лигийн хамгийн шилдэг хамгаалалтын дасгалжуулагчдын нэг гэгддэг ч талбайн нөгөө талд тэр тийм ч сайн ажиллаж чадаагүйг энэ нь харуулж байна.

Гэхдээ тэр багаа энэ бүрэн бүрэлдэхүүнээр нь хангалттай олон тоглолт удирдаагүй байгаа гэдгийг энд сануулах юун. Түүн шиг ухаалаг дасгалжуулагч довтолгооныхоо  алдааг олж харж, энэ бүхнийг зөв тийш нь эргүүлэх нь  тодорхой ч тэр бүхэн нь будагтай талбайгаас эхлэх ёстой гэдгийг статистик үзүүлэлтүүд харуулж байна. Ирж буй 12-р сар болон шинэ оны эхний сард тэдний хувьд харьцангуй зөөлөн хуваарьтай байгаа нь Селтикс учраа олж багийн амжилт сэргэж болох нэг боломж ч гэсэн “Дорнод бүс”-ийг тэргүүлж буй Торонто Рэпторс,Милоуки Бакс багууд улирлын эхний 20 тоглолтоо шинэ бүрэлдэхүүн,шинэ дасгалжуулагчтайгаар тэднээс илүү сайн эхлүүлсэн нь анзаарахгүй өнгөрч болох асуудал биш юм.

Дорнод бүсийг тэргүүлж буй:

  • Торонто Рэпторс довтолгоо 2-т, хамгаалалтаар 8-д
  • Милоуки Бакс довтолгоо 1-т,хамгаалалт 6-д эрэмбэлэгдэж байна.

Харин Селтиксын хувьд хэдий хамгаалалтаар 2-т эрэмбэлэгдэж байгаа ч довтолгоогоор 24-т эрэмбэлэгдэж байна.

Үүнээс гадна тэдний нэг дивизоны өрсөлдөгч Филаделфиа 76 баг Жимми Батлерыг эгнээндээ элсүүлснээр өмнөх улирлаас илүү хүчтэй өрсөлдөгч болсныг тэд маш сайн мэдэж байгаа.

Брэд Стивенс дасгалжуулагч болон Бостон Селтикс баг довтолгооны энэхүү асуудлаа шийдэх гарцыг эртхэн олохгүй бол “Дорнод бүс”-ийн өрсөлдөөн тэднээс гадуур явагдах магадлал өндөр байна. Селтиксийн дараагийн 10 тоглолтын хуваарьт  50%-иас дээш амжилттай багийн эсрэг тоглох тоглолт ердөө 2 байгаа нь тэдний хувьд тоглолтоо эргүүлэх сайхан боломж юм.

6

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

39.7.19.***Зочин   • 1 сарын 28. 21 цаг 17 минут

Ялалт Идэрээ хоёрыг бодвол илүү дэлгэрэнгүй анализ сайн задалж тоо баримт судалгаан дээр үндэслэж бичиж байгаа нь маш их таалагдлаа бас дээрээс нь сэтгүүлч хүний хамгийн чухал зүйл бол үг үсгийн алдаагүй бичдэг юм байна баярлалаа амжилт хүсье

66.181.160.***Зочин   • 2018, 12 сарын 8. 1 цаг 43 минут

saihan bichsen bn

122.201.24.***Зочин   • 2018, 12 сарын 6. 21 цаг 17 минут

Lakersiin talaar bichee

202.126.89.***Зочин   • 2018, 12 сарын 1. 22 цаг 20 минут

Бас л голын олоод бичиж бгаам шүү

59.153.113.***Зочин   • 2018, 12 сарын 1. 12 цаг 50 минут

Ongorson jiliin amjiltaa ahiulah huleelt baigaa. Daanch ene uliral buheldee ih alaantai bolj bna daa

202.126.89.**Зочин   • 2018, 12 сарын 1. 12 цаг 09 минут

shan bichje

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554118Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54810Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44273Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35817Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33568Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11457Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6676Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1659Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.