Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 55663Нийт сэтгэгдэл: 60

ТОРОНТО РЭПТОРС ОРЧИН ҮЕИЙН САГСАН БӨМБӨГТ ТОХИРСОН ХАМГИЙН ТӨГС БАГ МӨН ҮҮ?

12-р сарын 7 | 11 цаг 48 минут

Өнгөрсөн 6-р сард лиг даяар хамгийн их шуугиан тарьсан, магдагүй хамгийн эрсдэлтэй  том наймааг хийсэн Торонто Рэпторс баг улирлын эхний 7-н долоо хоногийн дараах байдлаар Дорнод бүсийг 21-6 амжилтаар итгэл төгс тэргүүлж байна.

Кавай Леонард – ДеМар ДеРозаны наймаа ч аль талдаа илүү ашигтай болсныг тэдний энэ улиралд одоогоор үзүүлээд байгаа амжилт нь илэрхийлнэ. Багийн нүүр царай болсон Бүх цаг үеийн онооны лидер ДеРозаныг наймаалцсан Масай Ужириний шийдвэрт таатай бус хандах Рэпторсын фэнүүд ч олон байлаа.

Гэхдээ тэрээр үүнээс хэдэн 7 хоногийн өмнө  багийн түүхэнд хамгийн олон (59) хожил авсан улиралдаа “Оны шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн болох нь тодорхой болоод байсан Дуэйн Кэйсиг тэрээр ажлаас нь халсан  нь Торонто-д том өөрчлөлт ирж байгаагийн дохио  байсан юм. Шалтгаан нь мэдээж ЛэБрон Жэймс болон Кливленд Кавальерсийн гарт хоёр дахь жилээ дараалан плэйоффт “шүүрдүүлсэн” явдал гэдэг нь ойлгомжтой.

Тэгвэл түүнээс хойш 6-н сарын дараа Торонто Рэпторс Дорнод бүсийн төдийгүй лигийн шилдэг амжилтыг үзүүлээд байна. Мөн тэднийг ирэх зургаа дугаар сард бүсээ төлөөлөн финалд тоглох магадал хамгийн өндөр багаар олонхи мэргэжилтэнүүд нэрлэж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш гэлтэй.

Рүүки дасгалжуулагч, шинэ бүрэлдхүүнтэй тоглож байгаа Рэпторсын энэ улирлын амжилтын үндэс юу юм бол? Тэд хэрхэн ийм амжилтад хүрэв? Бид юуг анзаарахгүй өнгөрөөв? Улирал эхлэхэд тэднийг ийм амжилттай тоглоно гэж төсөөлөх хүмүүс Торонтод ч тийм олон байгаагүй болов уу? Хамгийн түрүүнд тэдний шинэ дасгалжуулагч Ник Нөрс гэж хэн бэ?

Яагаад Ник Нөрс гэж?

2017 оны плэйоффын 2-р шатанд Кливленд Кавальерстай учраа таарсан Торонто  Рэпторс цувралаа 4:0  гэсэн харьцаагаар дууссаны дараа багийн ерөнхий менежер Масай Ужири дасгалжуулагчдийн багтайгаа уулзаж Рэпторс “соёлын шинэчлэл” хийх шаардлагтай байгааг онцлон анхааруулсан байдаг түүхтэй. Тэгвэл түүний хүссэн энэ өөрчлөлтийг хэрхэн хийх төлөвлөгөөг туслах дасгалжуулагч Ник Нөрс боловсруулж, дараа улиралд нь Рэпторс лигийн багуудад том сюрприз барьж байсан нь саяхан мэт. Илүү их холын зайнаас шидэж, илүү их чөлөөтэй довтолгоо тэдэнд дутагдаж байгааг анзаарч харсан түүний өөрчлөлтийн үр дүнд ДеМар Дерозан карьерынхаа хамгийн өндөр оноог тэр улиралд дунджилсан бол, Рэпторс багийнхаа түүхэнд хамгийн шилдэг амжилтаар (59-23) улиралаа дуусгасан билээ. Харамсалтай нь плэйоффт тэд дахин нэг удаа Тайрон Лью болон ЛэБрон Жэймсын эсрэг таарч, тэрхүү цувралд нүүдэл дутуу хийсээр  ахин дөрөвхөн тоглолтонд шүүрдүүлэв. Мэдээж тэд улирлаа ийм эрт дуусгана гэж төсөөлөөгүй биз. Тэгвэл жил дараалан нэг багтаа плэйоффт хожигдсон тэдэнд өөрчлөлт хэрэгтэй нь тодорхой байлаа.Гэхдээ өөрчлөлт хэзээ, хаанаас  эхлэх ёстой байв?

Хэдий илүү нэр хүндтэй, олонд танигдсан дасгалжуулагч сонгох боломж байсан ч Масай Ужири энэ удаа  эрсдэлтэй шийдвэр гаргаж өөрийн гал тогооноос сонголт хийсэн нь багийн туслах дасгалжуулагчаар гурав дахь жилдээ ажиллаж буй Ник Нөрс байсан юм. Ердөө 23 настайдаа коллежын ахлах дасгалжуулагчаар томилогдож түүхэнд хамгийн залуудаа коллежийн ахлах дасгалжуулагчаар нэрлэгдэж байсан Ник Нөрс сагсан бөмбөгт амьдралаа зориулсан 30 жилийн хугацаандаа Хойд Айовагийн “Гранд Виев” хэмээх жижигхэн коллежоос Английн BBL лигт 11 жил ажиллахдаа хоёр удаа “Оны шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн болж, тэр ч бүү хэл Их Британы шигшээ багийн туслах дасгалжуулагчаар хүртэл ажиллааад амжсан юм.

Хилийн чанадад 10 гаруй жил ажилласан тэрээр гэртээ эргэн ирж NBA-ийн Хөгжлийн лигийн Айова Энержи багийг удирдан ажиллах болсон байна. Тус баг нь 2017-2018 оноос  NBA-ийн G-League-ийн Айова Волвес баг болсон. 

Ник Нөрс 2010-2011 оны улиралд Энержи багтайгаа 37-11 лигийн шилдэг амжилтыг үзүүлж баг нь Хөгжлийн лигт түрүүлсэн бөгөөд дараа улиралдаа тэрээр Рио Гранде Валлей Вайперс багийг удирдан, дахин нэг удаа Хөгжлийн лигт түрүүлж өөрийнхөө чадварыг баталсан. Улмаар 2015 оны зун Торонто Рэпторс багаас ажлын санал аван, Дуэйн Кэйсигийн туслахаар ажиллах болсон юм. Сүүлийн дөрвөн жил багаа босгоход анхаарсан Масай Ужири энэ бүхнийг хамгийн сайнаар чиглүүлэн удирдаж чадах хүн нь энэ бүх өөрчлөлттэй хамт өсөн дэвшсэн Ник Нөрс гэж үзсэн нь алдаа байсангүй.

Ингээд Ник Нөрст өнгөрсөн улиралд Дорнод бүсэд тэргүүлсэн багийн бүх эрх мэдлийг тэд өгч тэрээр өөрийн сургагч Дуэйн Кэйсиг орлон ажиллахаар боллоо. Шинэ ажлаа авсан түүнийг ямар сорил хүлээж байв? Өдийг хүртэл Масай Ужири-ний босгосон багт юу дутагдаж байв?

Торонтод хэзээ ч байгаагүй супер од буюу Кавай Леонард

Торонто магадгүй Кавай Леонардын тоглолтын хэв маягт зохицсон хамгийн  төгс багийг бүрдүүлээд байна.

Хэдий Кавай Леонард Торонтод ирэхдээ 18 сар талбайд гараагүй  байсан ч Рэпторсын довтолгооны систем түүний тоглолтонд хэрхэн төгс зохицож байгааг тоглолтоос тоглолтод бид харж байна. Леонард  одоогоор 26.0 оноо, 8.0 самбар, 3.3 дамжуулалт, 1.8 бөмбөг таслалт хийж байгаа нь түүний сүүлд эрүүл саруул бүтэн улирал тоглосон 2016-2017 оны улирлын үзүүлэлттэй нь ижил байгаа юм.

Тэр улиралдаа  тэрээр “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”шагналын санал асуулгад 3-т нэрлэгдэж байлаа. Хэдий ДеМар ДеРозан Бүх Одод тоглогч байсан ч хамгаалалтын хувьд түүнийг хэзээ ч Кавай Ленонардтай харьцуулах аргагүй билээ.

100% эрүүл саруул тоглож байгаа үед нь  хамгаалалт, довтолгооны аль алинд нь түүн шиг төгс тоглогч одоогоор лигт байхгүй билээ. Рэпторст ирснээр Кавай Леонард Спөрст байснаасаа илүү их зайд, илүү их эрх чөлөөтэй тоглох болсон юм. Спөрст тоглосон жилүүдэд нь түүнд хэзээ ч ийм сайн шидэгчидтэй баг байсангүй. Дунджаар 33.7 удаагийн холын зайн шидэлтийн оролдло хийдэг, үүгээрээ лигт 10-т бичигдэж буй Рэпторсын бараг бүх тоглогчид нь холын шидэлт хийх чадвартай бөгөөд энэ нь Кавай Леонардад өөрийн хүссэнээрээ тоглох зайг хангалттай гаргаж өгч байна.

Рэпторс 20 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч Кавай Леонард шиг супер од тоглогчтой байгаагүй нь маргашгүй үнэн.

Гарааны бүрэлдхүүнд хийсэн эхний өөрчлөлт

Ник Нөрс  ажлаа аваад хийсэн хамгийн эхний өөрчлөлт нь төвийн тоглогч Юнас Валенчюнасыг сэлгээнээс тоглуулахаар ятган зөвшөөрүүлж, харин түүний оронд багийн ахмад тоглогчдын нэг Серж Ибакаг өөрийнх нь үндсэн байрлал 5 дээр тоглуулах болсон нь байлаа. Үр дүнд нь Серж өөрийн карьерын хамгийн шилдэг үзүүлэлт 17.9 оноо дундажлахдаа 59.7% довтолгоо хийж байна. Оклахома Ситид өнгөрүүлсэн сүүлийн хэдэн жилдээ ч тэрээр ийм үр дүнтэй тоглож чадаагүй юм. Учир нь  жижиг тавтаар голдуу тоглох болсон орчин үеийн сагсан бөмбөгт түүний адил олон тоглогч байрлал зохицохгүйн улмаас  “хохирогч” болоод байсан билээ.

Харин Ник Нөрс дасгалжуулагч Ибака – Валенчюнас гэсэн хоёр төвтэй тоглохооос татгалзаж, хүчний довтлогчийн байрлалд Паскал Сиакамыг гараанд гаргах шийдвэр гаргасан нь ямар нүдээ олсон шийдвэр байсныг бид мэдэж байгаа. Карьерынхаа хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж буй Паскал Сиакам “Оны шилдэг амжилт нь ахисан тоглогч” шагналд гол нэр дэвшигчээр яригдаж байна. Шидэгчдээр хүрээлүүлсэн гарааны бүрэлдхүүн нь түүнд будагтай талбайд тоглох зайг хангалттай өгч, өөрөө ч энэ боломжоо  бүрэн ашиглаж чадаж байгаа. Лигт гурав дахь жилдээ тоглож буй тэрээр 12.5 оноо,7.0 самбар гэсэн үзүүлэлт дунджаар гаргахдаа 71.0%-тай довтолгоо хийхээс гадна 1.3 бөмбөг таслалт хийж байгаа үзүүлэлтээрээ багтаа тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

Гарааны бүрэлдхүүнд хийсэн эдгээр өөрчлөлтүүд өөр нэг тоглогчийн амжилтанд шууд утгаараа нөлөөлж буй нь  холбон тоглогч Кайл Лаури юм. Сүүлийн хэдэн улиралд 1-1 тоглолтоос голдуу оноо авдаг байсан Лауригийн дундын шидэлтийн гүйцэтгэл өмнөх улирлын 4.5 оролдлого, үүнийхээ 47%-ийг амжилттай гүйцэтгэдэг байсан үзүүлэлт нь энэ улиралд 6.0 оролдлого , 61.1%-ийн гүйцэтгэл  болж нэмэгдсэн байна. Мөн хамгийн чухал нь түүний оновчтой дамжуулалт  өмнөх улирлын 6.9 гэсэн үзүүлэлтээсээ  энэ улиралд бараг нэг дахин нэмэгдэж,  11.3 болж, багийн шинэ бүрэлдхүүн, шинэ систем түүний тоглолтод ямар эерэг нөлөө үзүүлж байгаагийн тод жишээ юм. Рэпторсын  оноо авалт Кавай Леонардын ажил болсон бол Кайл Лаури-ний гол ажил  тоглолтыг найрууллах болж өөрчлөгдсөн байна.Өмнөх жилүүдэд Лаури үдэш бүр 20+ оноо авч багтаа хожих боломж гаргадаг байсан бол энэ улиралд тэрээр 20 оноо аваагүй ч баг нь хожсон тохиолдол хэд хэд гараад байна.

Өмнөх улирлуудад ДеРозан – Лаури гэсэн гол хоёр оноо авагчиддаа найддаг байсан Рэпторст энэ улиралд оноо түүх сонголт илүү олон болсон нь тэднийг аюултай болгож буй хамгийн том шалтгаан юм.

Лигийн шилдэг сэлгээ - Bench Mob

Өнгөрсөн зуны наймаагаар ДеРозан, Поелтл гэсэн хоёр шидэлтгүй тоглогчоо Кавай болон Грийн гэсэн хоёр шидэлттэй тоглогчоор сольсоноор Рэпторс лигийн хамгийн төгс гурван онооны шидэлт, хамгаалалтай баг болсон юм.Тэгвэл энэ өөрчлөлт тэдний сэлгээнд хэрхэн нөлөөлөв?

Тоглогч бүр өөрийн шинэ үүрэгт ажилдаа гялалзаж байна. Рэпторсын сэлгээний залуус сайн шидэхээс гадна хамгаалалтад сайн гэдгийг нь  багийн хамгаалалтаар лигтээ 9 дүгээрт эрэмблэгдэж байгаа нь гэрчилнэ.Зарим тохиолдолд сэлгээний 2 дугаар баг нь гарааны тавтаасаа илүү хамгаалж тоглож байгааг нь бид энэ улиралд хэд хэдэн тоглолтод харсан. Ялангуяа тэдний урд шугамын хамгаалалтыг энд онцлох хэрэгтэй. Торонто лигийн хамгийн зузаан сэлгээтэй баг болсон.

Өнгөрсөн улиралд  ӨүЖи Ануноби рүүкий жилдээ гараанд гарч тоглох хангалттай чадвартай гэдгээ харуулсан бол Фрэд Ван Влийт лигийн дундаж багт гараанд ч гарч тоглох  чадвартай холбон тоглогч билээ. Тэгвэл  тэдний араас Делон Врайт, Си Жэй Майлс, Норман Павелл нарын тоглогчид тэдний сэлгээнд бий.

Аваргын төлөө өрсөлдөөнд яваа багуудад сэлгээ хамгийн чухал байдаг бол энэ жилийн Рэпторст яг тэр нь бий. Мөн тэд энэ багаа 70% драфтаар босгосон нь Масай Ужири ерөнхий менежерын ажлыг авснаасаа хойш хэрхэн ажилласныг харуулна. Тэрээр Торонтод ирээд сэргээн босголтыг аваргын төлөө өрсөлдөх явцдаа алгуурхан хийж, залуу тоглогчдоо хөгжүүлж чадсаныг нь доорхи жишээнээс харж болно.

Сиакам, Врайт, Ануноби нарыг драфтын 20-оос хойгуур сонгосон бол Павеллыг  2 дугаар шатнаас авч, харин драфтаар сонгогдож чадаагүй  Ван Влийтыг Рэпторс олж нээн хөгжүүлж чадсан юм.  Ийм ч учраас Рэпторсыг яг одоо лигийн багуудаас гараа, сэлгээний аль ч бүрэлдхүүн нь талбайд байхад эсрэг багтаа хамгаалалт, холын шидэлт гээд хамгийн их асуудал үзүүлж чадах бүрэлдхүүнтэй цорын ганц баг гэж хэлж болно.

Гурваас шидэх чадвартай таван тоглогч бүгд нэгийн эсрэг нэг сайн хамгаалах чадвартай. Ийм тавт талбайд гаргах бүрэлдэхүүнтэй өөр ямар нэг баг одоогоор лигт хараахан алга. Гэхдээ энэ нь тэд төгс баг гэсэн үг биш юм. Хэрвээ тэдэнд сул тал байна гэвэл тэр нь жижиг таваар тоглох үед элит багуудын эсрэг хурдаар дутах Валенчюнас, Ибака хоёр байх магадлалтай. Гэхдээ Ник Нөрс дасгалжуулагчид сонголт байгаа нь Кавай, Сиакам, Ануноби гэсэн арын шугамын гурвалтай Грийн, Лауриг гаргах жижиг тавт хувилбар байж болох юм.

Энэ жилийн тэдний бүрэлдхүүн өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл, Кавай Леонард яг одоо лигт тоглож байгаа плэйоффын цувралын хувь заяаг эргүүлэх чадвартай цөөхөн хэдэн тоглогчийн нэг. Дорнод бүсэд тэдний эсрэг хүчтэй өрсөлдөх гурван баг байгаа нь Бостон Селтикс, Милоуки Багс, Филаделфиа 76 гэсэн багууд бий. Тэгвэл Селтикст байгаа ямар ч тоглогчоос Кавай илүү бол Эмбийд, Симмонс хоёроос тэр туршлагаараа хол давна. Харин Багсын Яаннис Антетотумпогийн тоглолтыг зогсоох аргагүй байгаа ч  бүрэлдхүүний хувьд Рэпторс, Баксаас хэд дахин илүү учир плэйоффын цуврал тийм ч урт байхгүй болов уу?

Харин цаашдаа ... Кавай Леонард энэ улирлаас цааш Торонтод үлдэх баталгаа бий юу?

Ирэх зун Кавай Леонард чөлөөт агентын хувиар карьертаа анх удаагаа өөрөө тоглох багаа сонгох эрхтэй болно. Хэдий Леонард Торонтод урт хугацаанд үлдэнэ гэсэн баталгаа байгаагүй ч Масай Ужири энэ наймааг хийснээрээ амжилтын төлөө эрсдэл гаргахад бэлэн байгаа гэдгээ харуулсан юм.

Магадгүй Рэпторс ирэх Зургаа дугаар сард финалд шалгарвал Кавай Леонард цаашид эндээ үлдэн тоглох талаар нухцтай бодож болох талтай. Учир нь Рэпторс дараагийн хэд хэдэн жил дээд түвшинд өрсөлдөх боломж, нөөцтэй.

Сиакам, Ван Влийт нар энэ жил 24 нас хүрсэн бол Ануноби дөнгөж 21 настай, Врайт 26 дөнгөж хүрээд буй. Цаашид ч тэдэнд өсөн дэвшиж тоглолтоо илүү өндөр түвшинд гаргах нөөц бололцоо тэдэнд бүгдэд нь бий.

Үүн дээр нэмээд хэдий дасгалжуулагчийн хувьд шинэ цэрэг ч гэсэн энэ хүртлэх хугацаанд хангалттай бэлтгэгдсэн Нөрс тэднийг удирдана. Түүний удирдлага дор Паскал Сиакам өнөөдрийн амжилтаа үзүүлж байгаа гол шалтгаан нь тэр гараанд гарч хангалттай минут авч байгаа бол Ануноби, Ван Влийт нарт ч энэ боломж удахгүй ирэх болно.

Масай Ужири болон Ник Нөрс нар энэ цаг үеийн лигт амжилт олж болох хамгийн зөв томьёог олсон шигээ Кавай Леонардад цаашид амжилт гаргахад хамгийн сайнаар нөлөөлж чадах багийг ч ирээдүйд бүрдүүлж өгч чадна гэсэн итгэл Рэпторст бий. Яг одоо тэдэн шиг шиддэг, мөн хамгаалж чаддаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн өөр баг Дорнод бүсэд лав алга. Хэрвээ тэд энэ бүрэлдхүүнээ хадгалан үлдэж чадвал дараагийн хэдэн улиралдаа Дорнод бүсээс финалд хүрэх зам зайлшгүй Торонто хотоор дайрах нь гарцаагүй биз ээ.

11

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.***Зочин   • 6 сарын 14. 23 цаг 41 минут

Пүүү 💪💪💪

203.91.115.**Зочин   • 5 сарын 25. 14 цаг 14 минут

Мундаг алсыг харж бичжээ. Одоо бүсийр финалд гараад аврага болоод сарвуу дахиад финалын үцт болоосой

203.91.115.**Зочин   • 2018, 12 сарын 9. 9 цаг 59 минут

Янзтай

103.57.95.***Энхбаяр   • 2018, 12 сарын 8. 23 цаг 19 минут

Баяр хүргэе. Сайн бичигдсэн нийтлэл байна.

66.181.160.***Зочин   • 2018, 12 сарын 8. 1 цаг 40 минут

goy niitlel bn amjilt husie

150.129.143.***Зочин   • 2018, 12 сарын 7. 20 цаг 22 минут

tand amhilt husue mash shan bichsn bna tantai sanal neg bna shuu

197.231.221.***zochin   • 2018, 12 сарын 7. 15 цаг 14 минут

Nudend haragdtal goy bichjee. Tand amjilt husie

103.229.120.**Зочин   • 2018, 12 сарын 7. 14 цаг 43 минут

vince carter super od baigaagui yumuu

122.201.23.**Зочин   • 5 сарын 28. 19 цаг 54 минут

vince carter id uedee super od bailgui yahaw

64.119.21.***Зочин   • 2018, 12 сарын 7. 20 цаг 34 минут

хэн тэгж бна хичнээн удаа бүх одод билээ

202.126.89.**Зочин   • 2018, 12 сарын 7. 13 цаг 35 минут

Bayarlalaaa

Улаанбаатар

-12°C
Шөнөдөө -17° / Өдөртөө -4°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1585866Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55663Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45216Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36647Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34583Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11626Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7157Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1445Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.