Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 54815Нийт сэтгэгдэл: 60

ХЬЮСТОН РОКЕТС: ТИЙМ ЭЭ, БИДЭНД АСУУДАЛ БАЙНА !!!

12-р сарын 15 | 10 цаг 48 минут

Өнгөрсөн улиралд 65 хожил авахдаа замдаа таарсан бүхнийг тоосоороо даран, ардаа орхиж  байсан Рокетс өнөөдөр амьд үлдэхийн төлөө тэмцэж явна. Шинэ улирал эхлээд тэдний хувьд юу ч төлөвлөсний дагуу явсангүй. Энэ хүнд байдлаас гарах гарцаа олох цаг хугацаа ч өдгөө тэдэнд бага үлдлээ... Өнөөдрийн байдлаар тэд 13-14 амжилтаар Өрнөд бүсийн 14-р байрт бичигдэж байгаа бөгөөд энэ байдлаараа улирал цааш үргэлжилвэл хамгийн сайндаа 36 хожилтой улиралаа дуусгах магадлалтай байна.

Хэрвээ ингэвэл тэд лигийн түүхэнд +60 хожил авсан улирлынхаа дараа улиралд амжилт нь хамгийн ихээр унасан гурав дахь муу амжилтын эзэд болно. Гэхдээ тэднээс ялгаатай нь ингэж амжилт нь унасан өмнөх хоёр тохиолдол нь  багийн бүрэлдхүүн задарсан, эсвэл багийн лидер нь багаа орхиж, мөн зодог тайлсан байдаг.

Тодруулбал Рокетсын 65 хожлоос 36 болж уруудсан амжилт нь Майкл Жордан зодог тайлсны дараах Буллс, ЛэБрон Жэймс Майами Хитрүү явсны дараах Кавальерсын уналттай ижил түвшинд яригдах нээ.

Өнгөрсөн улиралд лигт НЭГ ДҮГЭЭРт эрэмбэлэгдсэн тэдний довтолгоо энэ улиралд ДОЛОО хүртэл, харин хамгаалалт нь өнгөрсөн улирлын 6 дугаар байраасаа 24 дүгээр байр хүртэл унасан байна. Тэгвэл тэдний тоглолт ингэж унах болсон шалтгаан юу вэ? Багийн үндсэн  бүрэлдэхүүн хэвээрээ байгаа тэдэнд гомдоллох шалтгаан байна уу?

Юуны түрүүнд тэдний хамгийн гол асуудал нь ХАМГААЛАЛТ

Хамгаалалтын үл ойлголцол, нөхөлт, шилжилт одоогоор тэдний хамгийн гол асуудал болоод байна. Тэр дундаа энэ улиралд өрсөлдөгчид нь тэднийг тэдний өөрсдийнх нь жороор хашрааж байгаа нь эмгэнэлтэй ч гэмээр. Клинт Капела, Нене  болон самбарын томчуудыг нь “пик-н-ролл”-ын золиос болгон ашиглаж буй довтолгооны эсрэг тэдний нөхөлтүүд дутуу байгаа. Үүний гол шалтгаан бол багт шинээр ирсэн залуусын хамгаалалтын үл ойлголцол юм.

 Үүнээс гадна заслон бүрт зөрж хамгаалдаг тэдний хамгаалалтыг  өрсөлдөгч багууд нь өөрсдийн давуу тал болгон ашиглаж байгаа нь тэдний бас нэг асуудал болоод байгаа билээ. Самбарын тоглогчдыг нь будагтай талбайгаас татан гаргаж, самбар доор тоглох зай хангалттай гаргахад л Рокетсыг хожих амархан мэт болжээ.

Тэд одоогоор 100 довтолгоонд дунджаар 112.0 оноог өрсөлдөгчдөө алдаж байгаагын 51.0 нь будагтай талбайд алдаж байгаа гэхээр тэдний асуудал хаана байгаа нь тодорхой. Арын шугамын өндөр тоглогчид заслон зөрж, урагш гарсан үед самбарын доорхи  будагтай талбайн хамгаалалт хэр хурдан нөхөж, дараагийн хамгаалалтад шилжих нь тэдний хувьд нэн даруй шийдэх  асуудал нь болоод байна.

Өнгөрсөн зун багтаа өөрчлөлт хийсэн Рокетс баг Хардэн, Крис Пол гэсэн супер одуудаа авч үлдсэн ч аваргын төлөө өрсөлдөөнд яваа багт ажлаа сайн мэддэг “үүргийн тоглогчид”  асар чухал гэдэг нь харагдаж байна. Тэд энэ улиралд Трэвор Ариза, Люк Мба Муте нараар дутаж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Кармело Энтониг авчирсан өөрчлөлт тэдний орон зайг нөхөх ёстой байсан ч  харамсалтай нь  ямар ч эерэг нөлөө үзүүлээгүй.

Хэдий тэдэнд Клинт Капела, ПЖ Такер хоёр байгаа ч өнгөрсөн улиралд энэ хоёр тоглогчоос гадна тэдний хамгаалалтад хамгийн их нөлөөг үзүүлж байсан Трэвор Ариза болон Люк Мба Муте нар өнөөдөр багт алга. Эсрэг багийн төвийн тоглогчоос эхлээд холбон тоглогч хүртэлх бүх таван байрлалд хамгаалж чаддаг тэдний хамгаалалт яах аргагүй Рокетст үгүйлэгдэж байна. Харин тэдний орыг энэ улиралд Жэймс Эннис, Гэри Кларк, Дэнюэл Хаус нар авчээ.

Харамсалтай нь багт шинээр ирсэн эдгээр залуус Майк Д’Антони дасгалжуулагчид  дээр нэр дурдсан хоёр тоглогчоос авч байсан 1vs1 хамгаалалт, самбарын хашилт болон нэмэлт хамгаалалтад туслаж чаддаг үр дүнтэй тоглолтыг хараахан өгч чадахгүй байна. Холын шидэлт, довтолгоог энд дурдалгүй орхие.

1 vs 1 хамгаалалт

Рокетсын эсрэг тоглолтонд өрсөлдөгчид нь нийт довтолгооныхоо  19.4% ыг 1-1 довтолгоогоор хийж  байгаа нь, энэ үзүүлэлтийг бүртгэж эхлэх болсон 2004-2005 оны улирлаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн өнгөрсөн улирлын турш нийтдээ (182) удаа 1-1 хамгаалалт хийх нөхцөлд орж байсан төвийн тоглогч Клинт Капела нь одоогоор энэ улиралд хэдийнэ (114) удаа эсрэг багийн тоглогчоо 1-1 хамгаалжээ. Энэ нь нэг тоглолтод дунджаар (4.6) удаа гэсэн үг бөгөөд тэрээр энэ үзүүлэлтээр лигт тэргүүлж байна.

Голцуу бөмбөг залдаг жижиг биетэй тоглогчдын эсрэг ганцаараа ийм хамгаалалт хийх болсон нь түүнд амаргүй байгаа нь тодорхой. Бас  нэг хамгаалалтын асуудал нь түүнийг бөмбөгтэй тоглогч элдэж урагш гарсан үед самбарын хамгаалалт хийж түүнийг нөхөх тоглогч байхгүй. Үүнээс шалтгаалан алдаж байгаа оноонууд нь тэдэнд ихээхэн хохирол авчирч байна.

Ийм тохиолдолд  шаардлагтай үед 4 болон 5 номерын байрлалд нөхөж тоглох чадвартай жигүүрийн тоглогчид тэдэнд хангалттай байхгүй байгаа нь өнгөрсөн улирал болон энэ улирлын Рокетсийн том  ялгаа болж байгаа юм. Яг одоо тэдэнд ийм чадвартай ганцхан тоглогч байгаа нь ПЖ Такер юм. Гэвч тэрээр Рүди Гобер, ДеАндрэ Жордан, Марк Гасол нарын эсрэг үдэш бүр хамгаалж тоглоно гэдэг түүний “хэрээс хэтэрсэн” асуудал билээ.

Самбараас бөмбөг авалт болон чөлөөт шидэлтийн оролдлого

Дараачийн нэг зүйл бол самбарын хамгаалалт бөгөөд Рокетсийн эсрэг багууд цагирагт довтолж буй нийт довтолгоогоо 64.7% ын амжилттай гүйцэтгэж байгаа нь  лигт 3 дугаарт орох муу үзүүлэлт юм. Багууд тэдний эсрэг зовлонгүй амархан довтолж чадаж байгааг энэ тоо илэрхийлнэ.

Энэ үзүүлэлтээр тэднээс тааруу хоёрхон  баг байгаа нь Финикс Санс болон Вашингтон Уизардс багууд ажээ.

Мөн өрсөлөдгчид нь тэдний эсрэг довтолгооны хоёр дахь боломжийг үүсгэх, нэмэлт алдаа авах тал дээр маш сайн ажиллаж байгааг доорхи статистик үзүүлэлтүүд илэрхийлнэ.

Эсрэг багтаа довтолгооны самбар  хамгийн их алдаж буй үзүүлэтээр Рокетс лигт 29-т бичигдэж байгаа бол өрсөлдөгчдөө чөлөөт шидэлтийн оролдлого хийлгэж байгаа үзүүлэлтээр 28-т эрэмблэгдэж байна.

Харин өнгөрсөн улиралд тэд эсрэг багтаа алдаж буй довтолгооны самбарын дунджаар лигт 4-т харин  багууд тэдний эсрэг хийсэн чөлөөт шидэлтийн оролдлогийн  дунджаар 6-д эрэмблэгдэж байжээ.

Тоглогчдын хувийн алдаа гаргаж буй дундаж тоо ч таны анхаарлыг татна

Тоглогч

100 довтолгооны дунджаар

Трэвор Ариза (2017-2018)

2.8

Люк Мба Муте (2017-2018)

3.1

Гэри Кларк  (2018-2019)

3.4

Жэймс Эннис  (2018-2019)

6.5

Дэнюэл Хаус (2018-2019)

6.6

Эдгээр шалтгааны улмаас Рокетс энэ улирлын тоглолтуудад гарааны үндсэн бүрэлдхүүнээ өмнөх улиралаас илүү минут тоглуулах шаардлага гарч байгаа нь нас тийм ч залуу биш энэ багт их ачаалал авчирч байгаа юм.Тэр дундаа энэ жил 33 настай Крис Полын  статистик үзүүлэлт мэдэгдэхүйц буурахаас гадна тоглолтод үзүүлэх нөлөө багасч  байгаа нь ойлгож болох асуудал юм.

СиПи-3 – Хардэн – Гордон гурвал  өмнөх улирлын дунджаасаа илүү минутыг талбайд хамтдаа өнгөрөөж байгаа бол Капела (6.4) Такер (7.0) минутыг  өмнөх улиралаас илүү тоглож байна.Эдгээр таван тоглогч талбайд байгаа үед Рокетсын тоглолт хэвийн байгаа ч  аль нэг нь эсвэл хоёр тоглогч нь сэлгээнд суусан тохиолдолд тэдний тоглолтын хэв маяг бүрэн алдагдаж байна.

Үүн дээр нэмээд энэ улиралд Жэймс Хардэн, Крис Пол, Эрик Гордон болон Нене нар тус тус янз бүрийн гэмлтийн улмаас багагүй тоглолтуудыг өнжсөн гэдгийн дурдах хэрэгтэй.

Тэгвэл эдгээр асуудлыг засахад Майк Д’Антони дасгалжуулагчид дутагдаж байгаа зүйл нь юу вэ?

Хамгаалалтанд заслон бүрт зөрдөг хамгаалалтаа өөрчлөж үзвэл яах бол?

Энэ тохиолдолд урд шугамын жижиг тоглогчид тоглолтын турш 1vs1 хамгаалалт хийх шаардлага гарч ирнэ. Тэгвэл тэдний үндсэн бүрэлдхүүнээс 1vs1 хамгаалалтад хамгийн сайн тоглогч нь Крис Пол бол Эрик Гордон, Жэймс Хардэн, Жералд Грийн нараас энэ талаар юм хараад ч нэмэргүй гэдгийг уншигч та ч сайн мэдэж байгаа.

Өмнөх улиралд Рокетс яг одоо тоглож буй хамгаалалтын арга барилаараа тоглож, тэр нь амжилттай хэрэгжиж байсан гол хүчин зүйл нь талбайд гүйцэтгэл хийх чадвартай тоглогчид байсан учраас гэдэг нь тодорхой байна.

Тэгвэл одоо тэдэнд ийм тоглогчдыг нэмж багтаа авчрах боломж хэр бол?Тийм тоглогч нь  байсан ч санхүүгийн хувьд (Luxury tax) энэ нь боломжтой юу? Рокетс энэ улиралд хэдийнэ 16.4 сая долларыг Luxury tax-д төлж байгаа бөгөөд багийн эзэн Тилман Перритта “Хэрвээ бид аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд биш л бол би нэмэлт татварт дахиж нэг цент ч  төлөхгүй” гэж хатуу мэдэгдээд буй. Энэ нь ерөнхий менежер Дэрил Морейг ямар нэгэн том наймаа хийхэд тушаа болж буй бизээ.

Ирэх 2 дугаар сарын 7-нд “Солилцооны цонх” хаагдахаас өмнө энэ хэрэгтэй тоглочдоо олж хүч сэлбэх нь Дэрил Морей менежерын ажлаа авч үлдэх цорын ганц хөзөр ч байж магадгүй юм.

Түүнд ямар боломжууд байгаа бол?

Хэдий Рокетсийн давуу тал Жижиг тавт ч гэсэн тэдний гол өрсөлдөгч Голден Стэйт Уорриорс ДеМаркус Казинсыг эгнээндээ элсүүлснээр плэйоффт багууд хоорондоо таарна гэж тооцвол тэрээр Рокетсын эсрэг хамгийн их асуудал тарих магадлал өндөр. Тиймээс хэрвээ Аваргуудын эсрэг хүчээ зузаалах шаардлагатай бол тэд Капелатай хамт самбарт тоглох нэмэлт хүч авчрах шаардлага зайлшгүй гарч ирнэ.

Драфтын эрхийн төлөө өрсөлдөөнд яваа багуудаас өөрсдийн системд зохицох тоглогчийг олох нь тэдний хувьд нэг боломж. Ийм багуудаас довтлогчийн байрлалд тоглох боломжтой зарим тоглогчдоос нэр дурдвал:

Кевин Лаав (Кавс), Бобби Фортис (Буллс), ДеМарре Кэррол (Нэтс), Жэймс Жонсон (Хит), Маркийф Моррис (Уизардс) гэсэн нэрс харагдна.Эдгээр тоглогчдоос Фортис, Жонсон, Моррис нар хамгаалалтад илүү хүч авчрахаас гадна тэдний шидэлт хийх чадвар нь довтолгоонд илүү зай гаргаж Рокетсын тоглолтод зохицох бол Лаав, Кэррол хоёр тэдний асууудалтай байгаа “пик-н-ролл” довтолгоог засах асуултын хариулт байж болох талтай. Гэхдээ жишээ нь Кевин Лаавыг авч ирэх гэвэл тэдэнд наймаанд оролцох гуравдагч баг зайлшгүй шаардлагтай. Учир нь саяхан том гэрээ хийсэн Кевины цалинг цалингийн цэстээ нэмэхийн тулд өөр хоёр ч тоглогчын гэрээг хөдөлгөхөөс өөр аргагүй болно.

Өнгөрсөн улиралд лигт оноо авалт болон довтолгооны рэйтингээр тэргүүлсэн Рокетсын довтолгоонд ч бас асуудал бий. Энэ улиралд тэд оноо авалт (108.0)-аар 20-р байрт эрэмблэгдэж байгаа бол довтолгооны рэйтинг (112.5)-аар 7-рт бичигдэж байна.

 Үүнээс гадна өмнөх улирлын  тэдний довтолгооны гол сонголт  лигт 4-т эрэмблэгдэж байсан пик-н-ролл довтолгоо нь энэ улиралд  16-д бичигдэх үр дүнтэй довтолгоо болж буурчээ.

Үүнээс гадна Рокетсийн  холын шидэлт болон чөлөөт шидэлтийн оролдлого нь мөн өмнөх улиралаас буурсан үзүүлэлтэй байна.Өмнөх улиралд багаараа хамгийн олон сул чөлөөтэй

(open shot) холын шидэлтийн оролдлого  хийж байсан нь ч түүх болон үлджээ.

Тэдний найдаж буй зүйл юу вэ?

Хэдий энэ мэт олон асуудалтай байгаа ч Рокетс плэйоффын 8-р байрт яваа багаас ердөө 2.5 тоглолт дутуу байгаа бол бүсийг тэргүүлж буй багаас 5.0 тоглолт дутуу байгаа нь тэдэнд боломж байгааг харуулж байна.

Гэхдээ түүнээс өмнө  багаараа тогтвортой тоглолт үзүүлж, хамгаалалтаа сайжруулах, талбайд үр дүнтэй тоглолт үзүүлэх  нь нэн тэргүүний асуудал юм. Өөрөөр хэлбэл талбайд тоглогч бүр өөрсдийн үүрэгт ажлыг үр дүнтэй хийж чадвал Рокетсын одоогийн бүрэлдхүүн  амжилттай тоглох чадамж бүрэн бий. Мэдээж тэд өмнөх улирлын амжилтандаа хүрнэ гэдэг одоо  хол харагдаж байгаа ч юуны түрүүнд тэдний зорилт плэй-оффт багтах явдал. Плэйоффт орох эрхээ авсны дараа юу болохыг хэн ч таашгүй. Тааруу эхэлсэн улиралаа ямар амжилттай дуусгах нь өөр ямар нэг хүчин зүйлээс бус зөвхөн тэднээс өөрсдөөс нь шалтгаална.

1

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.**Зочин   • 2018, 12 сарын 15. 23 цаг 03 минут

Полын үе өнгөрч байна.

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554149Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54815Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44276Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35819Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33568Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11459Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6676Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1659Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.