Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 46862Нийт сэтгэгдэл: 60

ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН АЛТАН МУЖИЙН УНАЛТ БУЮУ ТӨГСГӨЛИЙН ЭХЛЭЛ

12-р сарын 29 | 13 цаг 08 минут

НБЭ-ний 74 жилийн түүхэнд хэд хэдэн эзэнт гүрэн цагийг эзлэн оршин тогтносон байдаг. Зарим тохиолдолд нэгэн арван дамнан ноёрхлоо тогтоосон тэдний эрхшээлд орсон өрсөлдөгчид нь  “Цагийг эзэлсэн эзэнт гүрэн” нуран унахыг хүлээхээс өөр сонголтгүй он жилүүдийг элээдэг байв.  

Лигийн анхны жилүүдэд Миннеаполис Лэйкерс, тэдний дараа 50-иад оны дунд үеэс 60- аад оны эцэс хүртэл Селтикс 13 жилд 11 удаа цом өргөхдөө НАЙМ дараалан түрүүлж байсан нь өнөөг хүртэл “Лигийн түүхэн дээд амжилт” болон үлдсэн. Харин үүний дараах 70-аад онд, Тодруулбал 1970 - 1979 оны хооронд НАЙМАН өөр баг Лигийн аварга болж байсан нь түүхэнд нэг арваны мөчлөгт хамгийн олон өөр баг цом өргөсөн арван болсон. Энэ үеийг “Цагийг эзэлсэн багууд”-ийн төгсгөл ирж, Лигт хүчний тэнцвэр тогтоож байсан он жилүүд гэж үздэг. 

Гэвч үүний дараах арван жилд гол өрсөлдөөн  Лэйкерс – Селтикс багуудын хооронд явагдаж Лэйкерс 9 финалдаж таван удаа түрүүлсэн бол Селтикс таван удаа финалдаж гуравт нь түрүүлжээ. Лиг ийнхүү дахин хоёр багийн ноёрхолд орсон нь энэ...

Удалгүй 1990-ээд онтой золгоход  Чикаго Буллс баг болон Майкл Жорданы ноёрхол Лигийг байлдан дагуулж  тэд найман жилд ЗУРГААН удаа аварга болсноор нэгэн зуун дуусч, хүн төрөлхтөн та бид шинэ зуунтай нүүр тулсан юм.  

Шинэ зуунд ч сагсан бөмбөг сонирхогч та биднийг супер багуудын ноёрхол угтан авлаа. Шак – Коби Лэйкерс 2000 – 2002 оны хооронд  дараалан гурав түрүүлсэн бол  тэдний араас Сан Антонио Спөрсийн ноёрхол хоёр арван дамжин үргэлжилсэн.

Мөн энэ хооронд Детройт, Майами, Бостон багууд тус бүр нэг удаа Лигийн аварга болж амжсан бол, шинэ зууныг гурав дараалсан түрүүгээр угтсан Лэйкерс энэ арваны сүүлийн хоёр жилд аваргын цомыг авсан юм.

Харин түүнээс хойш түүх саяхных учраас энд дурдах нь илүүц биз ээ? ЛэБрон – Уэйд – Бош Их гурвал 4-н жил дараалан финалд шалгарч ХОЁР удаа аварга болсны дараа хэний ч урьдчилан хараагүй нэгэн баг дараагийн “Цагийг эзэлсэн агуу баг” болон гарч ирсэн нь 2015 оны аварга Голден Стэйт Уорриорс байлаа.  

Үсрэлттэй шидэлт, жижиг тавт, хурдан довтолгоо, холын шидэлтээр сагсан бөмбөгийн спортыг тэр чигт өөрчилсөн тэдний ноёрхол яг одоо 4 дэх улиралдаа үргэлжилж байна. Энэ хугацаанд тэд ГУРВАН удаа аварга болж лигийн нэг улиралд авсан хожлын дээд амжилт болох 73-9 гэсэн рекордыг тогтоож, магадгүй дэлхий даяар хамгийн их үзэн ядагчидтай баг болоод байна.  

Сошиал медиагаар дамжуулан мэдээлэл гэрлийн хурдаар тархах болсон энэ цаг үед тэдний талаарх мэдээлэл хором алдалгүй спорт сонирхогчдод хүрч байгаа нь магадгүй тэднийг Лигийн түүхэнд хамгийн их бусдын анхаарлыг татсан баг болгож байгаа гол шалтгаан биз ээ? 

Энэ бүхэн хэзээ, хаанаас, хэрхэн эхлэв?

1975 онд Лигийн аварга болсноосоо хойш Голден Стэйт Уорриорс Лигийн хамгийн тааруу амжилттай багуудын нэг байлаа. 90 ээд оны эхэн үеийн RUN TMC түүний дараа 2007 оны We Believe бүрэлдэхүүнээс өөрөөр гялтайх зүйл тэдэнд үнэндээ байсангүй. Гэсэн ч Оакландын үзэгчид хүнд хэцүү цагт багаа хэзээ ч орхиогүй юм. Хэзээ нэгэн цагт баг нь сэргэж амжилтууд ар араасаа ирнэ гэсэн итгэлтэйгээр тэд багаа дэмжсээр байлаа.  

2009 оны 6-р сар

Тэр жилийн драфтын 9-р сонголтоор Голден Стэйт, 2008 оны  Коллежийн “Оны шилдэг тоглогч” шагналын эзэн Дэвидсоны коллежийн Стефен Уордэлл Көрриг сонгон авсан нь хожим нь тэдний түүхийг бүхэлд нь өөрчилсөн билээ. Гэхдээ энэ бүхэн нэг өдөрт өөрчлөгдсөн үү гэвэл үгүй юм. Түүний Лигт элссэн эхний гурван улиралд баг нь гурван өөр дасгалжуулагчийн нүүр үзэхдээ улиралд дунджаар 28 хожил авч байв. Удалгүй  багийн удирдлагууд солигдож,  шинэ эзэд нь хэдий лигт баг удирдсан туршлагагүй ч залуухан Боб Майерст итгэл үзүүлэн түүнийг  ерөнхий менежерийн албанд томилсон байдаг.

Шинээр ажлаа авсан Майерс үзэгчдийн хайртай тоглогч Монта Эллисыг Милоуки руу Эндрю Богутаар сольж дуулиантай наймаа хийхийн зэрэгцээ Клэй Томпсон, Дрэймонд Грийн болон Харрисон Барнэс нарыг драфтаар сонгож багийнхаа цөмийг бүрдүүлсэн юм. Гэхдээ түүний хийсэн хамгийн том өөрчлөлт нь ахлах дасгалжуулагч Марк Жексоныг ажлаас нь чөлөөлж өмнө нь лигт баг удирдсан туршлагагүй Стив Керрт итгэл хүлээлгэсэн нь байлаа.

Хэдхэн жилийн өмнө өөрөө ийм нөхцөлд ажил авч байсан түүнд Стив Керрт итгэл үзүүдсэнд гайхах зүйл үгүй мэт..

Стив Керр дасгалжуулагч ажлаа авсан эхний улиралд тэд 67-15 амжилттай улирлыг дуусгаж улмаар  40 жилийн дараа дахин аваргууд болсон . Дараа улиралд нь тэд улирлын хожлын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ч финалд 7-н тоглолтод хожигдож түүхэнд хамгийн агуу амжилттай улирлыг үзүүлэхэд хуруу дутсан юм. Тэр дундаа финалд 3-1 харьцаагаар тэргүүлж яваад хожигдсон нь Лигийн түүхэнд анхны тохиолдол байлаа.

Үүний дараа 2016 оны зун болсон үйл явдлаас тэдний “Хэмптоны тав” хэмээх шинэ түүх эхэлдэг. Лигийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Кевин Дурант чөлөөт агент-ийн  хувиар  тэдэнтэй нэгдсэн нь Лигийн хүчний тэнцвэрт шууд нөлөөгөө үзүүлсэн том шийдвэр байлаа. Түүнээс хойш тэд 2 дараалан түрүүлээд байгаа бол, энэ улиралд дахин түрүүлж,  Лигийн түүхэнд ГУРАВ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН ердөө ДӨРӨВ дэх баг болж чадах эсэх нь тэдний өмнө тулж буй хамгийн том сорилт болоод байна. 

Тэдний төгсгөлийн эхлэлийг бид харж байна уу?

Өнгөрсөн улирлын плэйоффт торох юмгүй өрсөлдөгчдөө буулган авсан Уорриорс  финалд ЛэБрон Жэймсийн Кавальерсыг 4:0 ээр шүүрдэж Лигийн бусад багуудаас илүү өөр төвшинд байгаагаа батлан харуулж байсан нь саяхан мэт. Ирж буй шинэ улиралд ч тэднийг зогсоох баг лигт байгаа эсэхэд эргэлзэх хүн олон байлаа. Гэтэл шинэ улирал эхлээд хоёр сар гаруй болж байгаа энэ үед аваргууд хэдийнээ 13 дахь хожигдлоо амсахаас гадна ялагдашгүй мэт байдаг Оракл Арена даа +20 оноогоор хожигдсон тоглолт дөрвөн ч удаа гараад байна.

Стив Керр дасгалжуулагчаар удирдуулан аварга болсноосоо хойших  жилүүдэд тэд шинэ он гарахад 10 хожигдолтой байж үзээгүй билээ.Тодруулбал

2015 онд 1, 2016 онд 5, 2017 онд 7 хожигдолтойгоор тэд 12 дугаар сарыг дуусгаж байжээ.

Зул сарын баярын  тоглолтод Лос Анжелес Лэйкерст 26 оноогоор хожигдсон тэд өчигдөр Портланд Трэйл Блэйзерс багт мөн гэртээ хожигдсон юм.Тэгвэл тэдний ингэж тааруу тоглож байгаагийн шалтгаан юунд байна вэ?

Довтолгоо

Сүүлийн жилүүдэд бидний мэдэх Уорриорс бол хамгийн төгс довтолгоотой баг. Тэр дундаа тоглолтын 3 дугаар үед тэдний цунами мэт давлагаалан  ар араасаа ирэх довтолгоог зогсооно гэдэг ямар ч өрсөлдөгчийн хувьд хамгийн хэцүү даалгавар байлаа. Тэгвэл энэ улиралд юу өөрчлөгдөв? 

Юуны түрүүнд Клэй Томпсоны шидэлт энэ улиралд тааруу байгааг онцлох ёстой. Гүйцэтгэлийн хувьд тэрээр карерынхаа хамгийн муу үзүүлэлтийг үзүүлж байгаа бөгөөд түүнд яг юу тохиолдоод байгааг тэр өөрөө ч тайлбарлаж чадахгүй байна. Ердийн үед хийдэг сул шидэлтүүдээ алдахаас гадна шаардлагагүй тааруу нөхцөлөөс муу шидэлтүүд их хийж байгаа нь Зул сарын тоглолтоос тодорхой харагдлаа.

Мөн хэрвээ үзэгч та анзаарч харсан бол түүний шидэлтийн техник ч өмнөх жилүүдээс арай өөр болсон харагдана. Хөлийн тавилт өмнөхөөс илүү том, хөл хоорондын зай хэт хол байгаа нь шидэлтэд нь нөлөөлж байж ч болох юм. Гэхдээ энэ төвшинд тоглож буй манай гарагийн хамгийн шилдэг шидэгчийн хувьд  тааруу шидэлт хийж байгаа нь зогсолт, техникээс илүүтэйгээр сэтгэл зүйн асуудал байгаа болов уу?

Томпсоноос гадна Дрэймонд Грийн мөн  энэ багийн довтолгооны гол асуудал болоод байна. Эсрэг багийн хамгаалалт ч Грийнд бөмбөг очсон үед түүнийг сул орхиж зөвхөн түүнээр шидүүлэх нь хамгаалалтын хамгийн үр дүнтэй арга болно гэдгийг мөн л Лэйкерстэй хийсэн тоглолт харуулсан. Грийн бөмбөгтэй үедээ багийн гол “плэймэйкер” байж, сул тоглогчдоо олж амархан оноо авдаг байсан урьдны довтолгоог бид тэр болгон харахгүй байна. Тэр ингэж тоглохыг хүсэхгүй байгаа шалтгаан нь юу байж болох вэ?

Томпсон, Грийн хоёрын шидэлт тааруу байгаагаас гадна өөр нэгэн шидэлт тааруу тоглогч гараанд гарч тоглох болсон нь Кавон Лүүний. Лүүнийд бөмбөг очсон үед  хамгаалагч нь түүнийг сул орхин самбар луу шахах эсвэл илүү оноо авах чадвартай тоглогч дээр давхар хамгаалалт хийж хамгаалснаар тэдний довтолгооны хэмнэлийг алдагдуулж байгаа нь сүүлийн хоёр тоглолтонд хэд хэдэн удаа давтагдлаа.

Бөмбөгний шилжилт

Тоглолтын явцад “хамгийн багадаа 300 удаа бөмбөгөө хоорондоо дамжуулж тоглоно” гэдэг Стив Керр дасгалжуулагчийн философи энэ улиралд нэгэнт мартагджээ. Ялангуяа хожигдсон тоглолтуудад Уорриорс хэт 1 vs 1 довтолгоонд найдсанаар талбайд байгаа бусад тоглогчид нь царцаж тоглолтоос гарах байдал анзаарагдаж байна.

Дасгалжуулагчийнхаа “Илүү олон дамжуулалт хийж тоглох шаардлагатай байна” гэсэн саналаас өөр бодолтой байгаагаа Кевин Дурант ил тод хэлсэн нь тэдний хооронд ямар үл ойлголцол байгааг хангалттай илэрхийлсэн.

Мөн Стефен Көрри талбайд байхгүй байгаа үед Уорриорс бөмбөгний шилжилт огтоос байхгүй тоглож байгаа гэхэд хилстэхгүй. Көрри яах аргагүй энэ багийн амин зүрх гол хөдөлгөгч мотор нь ажээ. Энэ улиралд тэрээр гэмтлийн улмаас 11 тоглолт өнжихөд энэ байдлыг нь би илүү тод харсан.  

Гэхдээ тэдний тоглолтын хэмнэл алдагдаж байгаа нь ганцхан тэднээс шалтгаалсан зүйл биш,  эсрэг багийн хамгаалалт ч бас тэднийг ийм байдалд оруулж байгаа гэдгийг энд дурдахгүй өнгөрч болохгүй ээ. Лигт хамгийн их судлагдсан довтолгоо бол тэдний довтолгоо, мөн тэдний арга барилаар багууд тоглох болсон нь Стефен Көрриг хэрхэн хамгаалах аргыг багуудад нээж өгсөн болов уу?

Түүний гараас бөмбөгийг хол байлгаж чадвал тэр хэрээр тэднийг хамгаалах нь хялбар байна гэдгийн одоо Лигийн бусад 29 баг хэдийнээ мэддэг болжээ.

Сэлгээ

Өмнөх жилүүдэд аваргуудын сэлгээний хоёр дугаар баг үндсэн бүрэлдэхүүнээсээ дутахааргүй үр дүнтэй тоглолтыг үзүүлдэг байлаа. Дэвид Уэст зодог тайлсан бол Жавале Магги багаа орхин явсан нь тэдэнд том зай үлдээснийг бид харж байна. Үүн дээр нэмээд цалингаа голж одоог хүртэл ажилгүй гэртээ суугаа Патрик Макауг ч баг нь ихээр үгүйлж байгаа нь  тодорхой харагдаж байна. Жилийн 2.1 саяын долларын цалинг чамлан ажил хаяад буй түүнд өчигдөр Кливленд Кавальерс баг 2 жилийн гэрээ санал болгожээ.  Ийнхүү  тэрээр Оакландад эргэн ирэхээргүй болж байх шиг байна. Учир нь түүнд энэ хэмжээний цалин өгвөл Уорриорс цалингийн нэмэлт татварт 11.6 сая доллар төлөх учраас энэ тэдэнд хэтэрхий үнэтэй тусна.  

Андрэ Игуадола, Шон Ливингстон нар хийх ёстой бүхнээ хийж байгаа ч хурд хүч саарч буй тэдний тоглолтод үзүүлэх нөлөө нь өмнөх жилээс багассаар байна. Мөн өнгөрсөн улиралд гайхалтай байсан Жордан Бэллээс өмнөх улирлын адил гялалзсан тоглолт гарах нь өдрийн од мэт болжээ.

Тэдний хамгаалалтын хамгийн сул байрлал нь төвийн байрлал гэдгийг Лэйкерс, Блэйзерс багуудтай хийсэн сүүлийн хоёр тоглолтод Кубац, Нуркич нар хангалттай харууллаа. Өнгөрсөн жилийн Жавале Маггид оногдож байсан самбарын хамгаалалт яах аргагүй тэдний хамгийн сул тал болоод байна.

Багийн дотоод уур амьсгал болон бусад хүчин зүйлс

Дөрвөн улирал дараалан финалдаж гурван удаа аварга авч дээд төвшинд тоглоно гэдэг амаргүй болохыг өмнөх “Цагийг эзэлсэн багууд”-ын түүхээс бид хангалттай мэднэ.  Юуны түрүүнд хэт ноёрхол тогтоосон багийн тоглогчид бие махбодоор гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн хувьд ядралд орж, цаашид тэмцэх хүсэл тэмүүлэлгүй болдог жишээ багийн спортод олон бий.

Ийм үед тэд улирлын тоглолтуудад ач холбогдол өгөх нь багасч,  өрсөлдөгчдөө дутуу үнэлэх нь олонтаа. Үүнээс гадна багийн дотоод уур амьсгал өөрчлөгдөж аварга авч сэтгэл ханасан тоглогчид нэг нэгнээсээ залхах, тоглогчид өөрийн багт эзлэх байр сууриндаа сэтгэл дундуур болж эхлэх гэх мэт үзэгдэл бий болдог.

Мэдээж цалин, гэрээний асуудал энд голлох байр суурьтай. Саяхан тоглолтын үеэр хоорондоо маргалдаж багагүй асуудалд орсон Дурант – Грийн хоёрын асуудал энгийн нэг маргаан байгаагүйг Уорриорсын энэ улирлын хямрал батална.

Дараагийн хийх гэрээндээ өөрийнхөө авч болох хамгийн том цалинг авахыг хүсч байгаагаа хэлсэн нь Кевин Дурант карьерынхаа дараагийн алхам ямар байхыг хэдийнэ шийдсэнийг нь илтгэж байгаа юм.  Багтаа бүрэлдэхүүнээ хадгалан дахин аваргын төлөө өрсөлдөх боломж гаргаж, бага мөнгөн дүнтэй гэрээ хийсэн тэрээр ингэж хэлж байгааг нь бас буруутгах ч аргагүй мэт. Сүүлийн хоёр финалд тэр MVP боллоо шүү дээ. Гэвч тэр багийнхаа хамгийн том цалинтай тоглогч биш.

Одоогоор Уорриорст баталгаатай хамгийн урт гэрээтэй хоёрхон эрхэм байгаа нь дасгалжуулагч Стив Керр, багийн ахлагч Стеф Көрри  юм. Клэй Томпсоны гэрээ энэ улирлаар дуусч байгаа бол 2020 оны зун Дрэймонд Грийн чөлөөт агент болно. Харин Дурант 2020 он хүртэл гэрээтэй ч ирэх зун чөлөөт агент болох боломжтой.

Тэгэхээр энэ 2018-2019 оны улирал Голден Стэйт одоогийн бүрэлдэхүүнээрээ тоглох сүүлчийн улирал байж болох уу? Энэ цаг үеийг эзэлсэн  багийн сүүлчийн бүжиг энэ үү? гэсэн асуулт бидэнд гарч ирж байна.

Удахгүй гэмтлээсээ эргэн ирж тэдэнтэй нэгдэх ДеМаркус Казинс  гэмтэл авахаасаа өмнө нь тоглож байсан хэмжээндээ тоглож чадвал Боб Майерс маш хэцүү сонголттой нүүр тулна. Тэр нь Кевин Дурантад дээд хэмжээний гэрээг өгөх үү? Эсвэл ДеМаркус Казинсыг авч үлдэх үү?

Аль нэгийг нь авч үлдлээ гэхэд Клэй Томпсон ямар гэрээ хүсэх бол? Үүний дараа Дрэймонд Грийн энэ багт тоглох зай үлдэх үү? Гэх мэтчилэн ерөнхий менежер болон багийн эздэд ирж буй жилүүдэд хэрхэн багаа бүрдүүлэх вэ? гэдэг амаргүй сонголтоо хийх хугацаа ойртсоор.   

Одоогоор өмнөх жилүүдээсээ доогуур   амжилттай тоглож байгаа ч плэйоффт Уорриорсыг давж гарах хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг хараахан лигт бүрдээгүй байна. 2 дугаар сарын 7-ноос өмнө ямар нэгэн баг том өөрчлөлт хийхгүй бол шүү дээ. Тийм учраас Голден Стэйт Уорриорст аваргаа хамгаалан, гурав дараалан түрүүлж “Дархан аварга” болох магадлал өндөр. Харин үүний дараа яах вэ?

Ирэх 6-р сард тэд плэйоффыг 16-0 амжилттай дуусгаж дахин аваргын цом өргөсөн ч энэ багаа хадгалан үлдэнэ гэдэг нь биелэгдэшгүй даалгавар мэт харагдаж байна.  Ажлаа авснаасаа хойш од тоглогчдынхоо хоорондын харилцааг хэрхэн зохицуулах ажлыг маш сайн хийсээр ирсэн Стив Керр дасгалжуулагч, яг одоо өөрийнхөө хамгийн том сорилтой нүүр тулж байна.

Орчин үеийн багийн спортод нэг бүрэлдэхүүнээрээ гурван жилээс илүүтэйгээр ноёрхож болно гэдгийг тэд нотлож чадах уу? Эсвэл тэд багаа дахин шинээр босгож дайралт хийх үү?

Аль ч сонголт нь байсан бай, аливаа амжилт ялалт бүхэн өөрийн гэсэн золиостой ирдэг…

14

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.***Зочин   • 6 сарын 14. 17 цаг 15 минут

Хар цагаан хэл ам гэж байдын байна шүү гэж дүгнэлээ

66.181.161.**Зочин   • 6 сарын 14. 16 цаг 04 минут

Угаасаа дууссан эзэнт гүрэн гхд маш хэцүү баг шү дээ аварга авахдаа эсрэг багууд нь бүгд л гэмтэлтэй бсн шү дээ өнгөрсөн жил л гхд рокэтсд хожигдсон шү дэ

66.181.161.***Зочин   • 5 сарын 25. 16 цаг 21 минут

уншхад таатай гоё нийтлэл болжээ

203.91.115.**Зочин   • 1 сарын 16. 18 цаг 33 минут

гоё нийтлэл байна. баярлалаа

103.26.193.**z   • 1 сарын 16. 12 цаг 25 минут

onoodriin togloltiinhoo talaar l bich l dee.het nurshisan sanagdlaa

59.153.115.**Зочин   • 1 сарын 5. 23 цаг 16 минут

League udahgvi tentsverjine gej naidii 70aad on shig 8 jild 8 oor bag tsom orogsonte tosteg harmaar l bn

66.181.161.**Зочин   • 1 сарын 5. 18 цаг 00 минут

Curry kd counsins green thompson baigaa tsagt buuna gej baihguu bhaa selgee bol livingston bell igiudolla cooq geed gaiguu humuus bgaa shdee harin tovdoo tesrelttei sistem d sain zohitsoj chaddag hvn avchirval mash tom sergelt baij magadguu shdee minii bodol shuu

117.111.5.***Зочин   • 1 сарын 2. 21 цаг 12 минут

7doh songoltoor orson shvv zasaarai bayrlalaa 😉

202.179.25.***Зочин   • 1 сарын 2. 15 цаг 28 минут

ВООО Янзын

202.55.188.**Зочин   • 2018, 12 сарын 30. 23 цаг 16 минут

saihan bichjee argagui niitlech hun yumaa amjilt husie

150.129.143.**Зочин   • 2018, 12 сарын 29. 21 цаг 00 минут

Ярихаас илүү бичих их хэцүү.их хөдөлмөр орсон байна амжилт

66.181.161.**Зочин   • 2018, 12 сарын 29. 17 цаг 27 минут

Goy niitlel bn

66.181.161.**Зочин   • 2018, 12 сарын 29. 15 цаг 51 минут

Wtf hangalttai 3 daraalj avna doo

202.179.25.***bboss   • 2018, 12 сарын 30. 15 цаг 17 минут

nuggets spurs lakersiig barj garla ghed eastd boston toronto phila gej asuudal bnda duu mn

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420051Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46862Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39361Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31168Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29449Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4995Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.