Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Тоймч, нийтлэлч

У.ОРГИЛМАА

Тоймч, нийтлэлч ...

Нийт уншсан: 35825Нийт сэтгэгдэл: 14

О.УРАНЧИМЭГ: МҮОХ-НЫ АЛДААГ ОДОО Л ЗАСАХГҮЙ БОЛ ОЛИМПЫН ТҮҮХЭНД ХАРААР БИЧИГДЭНЭ

1-р сарын 16 | 10 цаг 55 минут

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Доктор (Ph.D), спортын түүх судлаач О.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголын олимпизмын түүх, олимпийн боловсрол судлалыг шавь нартаа өвлүүлэн үлдээж, тамирчдын боловсрол олгоход амьдралынхаа хагас зуун жилийг зориулж яваа төдийгүй өнөөдөр МҮОХ-ны үйл ажиллагааны талаар дуугарах бүрэн эрхтэй, салбарынхандаа тод танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүн.

-Та “Монголын олимпизмын түүх”-ээр докторын зэрэг хамгаалсан цорын ганц эрдэмтэн. Хэдэн олимпийн нүүр үзсэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Би чинь нэг ч олимпт явж үзээгүй юм шүү дээ. Биеийн тамирын дээд сургуульд орохдоо л гимнастикчин байлаа. Сүүлдээ бэртэл аваад 1968 онд, Багшийн дээд сургуульдаа багшаар үлдээд 1970 оноос эхэлж буудлагын спортоор хичээллэсэн. Их дэлгүүрийн баруун талд буудлагын 50 метрийн тийр байлаа. Манай цанын багш Туваанжав тэнд намайг хүргэж өгч билээ. “Ямар гоё гар вэ”. Та лав сайн буудна гээд л анх буудаж үзэж байлаа. Тэгээд л энэ спортод орсон доо. Ингээд 1970 оноос буудлагаар хичээллээд 1974 онд эмэгтэйчүүдийн гар бууны төрөлд Монголын ууган мастер болсон. Багшийн дээд сургуульд 50 жил багшилсан. Биеийн тамирын түүхийн хичээл заадаг, Монголд анх удаа “Монголын биеийн тамир спортын хөгжилд олимпийн хөдөлгөөн нөлөөлсөн нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш олимпизмын хөдөлгөөн, олимпын боловсрол судлалын талаар нэлээд анхаарч ажилласан. Ингээд Багшийн дээд сургуульдаа 70 нас хүртлээ ажиллаж байгаад 2017 оноос “Мон Алтиус” дээд сургуульд магистрын сургалт удирдаж байгаад одоо Техник спортын төв буюу Буудлага спортын төв клубт сургалтын менежерээр ажиллаж байна. Миний хань буудлага спортын анхны тамирчдын нэг, 1964 оны олимпод оролцсон, хожим нь энэ Буудлагын төвд зэвсгийн мастераар, хожим нь даргаар, мөн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт ажиллаж дэд хурандаа Цэрэндондов гэдэг хүн байсан. Тиймээс буудлагын спортынхон маань манай гэр бүлд элэгтэй, хүндэтгэлтэй байдагт талархаж явдаг. 

-Монголын олимпизмын түүхийг мэдэх цөөн хүний нэг нь та. Ялангуяа эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд онолын талаас нь ярьж өгөх байх гэж бодлоо?

-МҮОХ 1956 онд байгуулагдаад 1962 онд ОУОХ-ны гишүүнээр элссэн. 1963 онд ОУОХ Монгол Улсыг өвөл, зуны олимпын наадамд оролцох урилга ирүүлээд 1964 онынэгдүгээр сард Инсбрукийн өвлийн олимпт, зун нь Токиогийн 18 дугаар олимпт оролцсоноор Монгол Улсад олимпийн хөдөлгөөн үүсч хөгжиж эхэлсэн. ОУОХ-ны гишүүн болно гэдэг бол тухайн улсын тусгаар тогтнолыг хүндэтгэж байгаа хэрэг. Уг нь бүр 1925 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэж ОУОХ-нд элсэхийг санал болгож байсан түүх байдаг. Тэр үед орчин үеийн спортод элсэх боломжгүй, дөнгөж автономит засгаасаа салж Үндсэн хуультай, тусгаар улс төвхнөж эхэлж байлаа шүү дээ. Ингээд 1962 оноос монголчууд олимп гэдэг агуу баяр наадмын тухай мэддэг болж, тэр хөтөлбөрт орсон спортын төрлүүдээр хичээллэх болж хөгжүүлэн дэлгэрүүлэх болсон. Анх Токиогийн олимпт оролцохдоо дугуй, хөнгөн атлетик, спортын гимнастик, буудлага, чөлөөт бөх гэсэн таван төрлөөр оролцсон. Чөлөөт бөхөөр хамгийн өндөр амжилтыг гаргаж Ж.Мөнхбат агсан долдугаар байранд орсон. Тэгэхэд Японы сонинуудад “Монголын Мөнхбат гэдэг залуу тамирчин дараагийн олимпуудад өндөр амжилт үзүүлэх боломжтой харагдаж байна” гэж гэж бичсэнийг судлаач хүний хувьд сүүлд олж уншиж билээ. Дараа нь 1968 оны Мехикогийн олимпт хоёр сая гаруйхан хүн амтай Монголын тамирчид дөрвөн медаль авчирсан. Энэ бол манай улсын спортын хөгжлийг ОУОХ дэлхийн спортын дэвжээнд тунхагласан баярт үйл явдал болсон.Үүнээс хойш өнөөдрийг хүртэл олимпт тасралтгүй оролцож байна. Спорын амжилт, олимпын амжилт гэдэг бол дандаа медальтай ирж байхдаа биш. Тухайн оронд тухайн спорт хэр хөгжиж байна вэ гэдгийг дэлхийн спортын тавцанд харуулж байдаг аугаа зүйл. 

Докторын зэрэг хамгаалсан тухайд спортын түүхийн талаар олон жил цуглуулсан судалгааны материалдаа тулгуурлан эрдмийн зэрэг хамгаалах болж, ингэхдээ зүгээр л Монголын биеийн тамир спортын түүх, өнөө ба ирээдүй гэсэн зэргээс илүүтэй олимтойгоо холбож сэдэв хамгаалъя гэж шийдсэн. Ингээд “Монголын биеийн тамир спортын хөгжилд олимпийн хөдөлгөөний оруулсан хувь нэмэр” гэсэн сэдвээр Монголд анх удаа докторын цол хамгаалсан юм. Тухайн үед буюу Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын хороо, МҮОХ хоорондоо уялдаа муутай ажилладаг байж. Докторын зэргээ хамгаалахад Боловсролын яам л бүртгэж авснаас биш МҮОХ чив чимээгүй өнгөрсөн. Энэ нь МҮОХ-г удирдаж байсан хүмүүсээс ч шалтгаалдаг юм уу. 

-Тэр үеийн МҮОХ гэхээр удирдлага нь дөнгөж томилогдоод байсан билүү?

-МҮОХ-ны ерөнхийлөгчөөр С.Жамц багш ажиллаж байгаад Ш.Отгонбилэг агсанд хүлээлгэж өгсөн байсан. Ш.Отгонбилэг гуай бурхан болоод Д.Загдсүрэн дөнгөж томилогдоод байсан үе л дээ. Тэр үед спортын байгууллага маш их бужигнаантай байсан. Би Биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Манай сургуульд эрдмийн зэрэг цолтой хүн огт байгаагүй. Тухайн үеийн сайд маань Өлзийхутаг гэж мундаг эрдэмтэн хүн байлаа. Тэр хүнд би юугаа хэлэх билээ гэхчлэн бодоод ажлаа С.Жамц багшид хүлээлгэж өгөхөөр шийдсэн. Д.Жамц багш маань Москвад “Хамт олны сэтгэлзүй” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Хамгийн гол нь өвөл, зуны олон олимпт Монголын баг тамирчдаа ахалж ч, бэлтгэж ч явсан. МҮОХ-нд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болохоор манай сургуулийг удирдвал хөгжүүлнэ гэж үзсэн. Мөн Га.Цэрэндорж багш биеийн тамир спортын салбарын анхны эрдэмтэн учраас урьж байлаа. Тухайн үед Засгийн газрын шийдвэрээр МҮОХ, БТСУХ хоёрыг татан буулгаад Залуучууд, спортын холбоо гэж байгуулсан. Орост сурч байсан манай шавь Зоригтбаатарыг дуудаж авчраад захирлаар нь томилсон. БТСУХ нь ЭМЯ-ны дэргэд хэдхэн хүнтэйгээр, МҮОХ нь Залуучууд спортын хороотой Засгийн газрын тогтоолын дагуу хамтарч ажиллах гэрээтэй ажиллаж эхэлсэн. Төдөлгүй дахиад татан буулгаж Жамц багшийг ажиллуулж байтал Ш.Отгонбилэг гуай бурхан болж, МҮОХ бүх гишүүдийн хурлаа хийж сонгууль явуулаад Д.Загдсүрэн томилогдсон.

-МҮОХ-ны удирдлагын зөв, буруу үйл ажиллагаа нь спорт холбоод болон тамирчдад хэрхэн нөлөөлдөг юм бэ. Жишээ нь тэр үед “Хамт олны сэтгэлзүй” гэдэг сэдлвээр дэд докторын цол хамгаалсан хүнийг МҮОХ-ны даргаар ажиллуулна гэдэг үйл ажиллагааны нөлөөллийг нь бодож сонголт хийж байсных байх. Гэтэл өнөөгийн ерөнхийлөгч нь мэдлэг, ур чадварын хувьд шаардлагад нийцдэг үү?

- Би тэгэхэд МҮОХ-ны Хянан шалгах албанд ажиллаж байсан. Би биеийн тамирын түүх судлаач, олимп судлаачийн хувьд Д.Загдсүрэн гуайг сонгогдох үед, МҮОХ-ны гишүүдийг шинэчлэхдээ тун буруу шинэчлэл хийсэн гэж боддог. Яагаад гэвэл яг мэргэжлээрээ ажиллаж байсан их, дээд сургуулийн багш нарыг ихэнхийг нь МҮОХ-ны гишүүнээс гаргасан. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр Атлантын олимпын үеэр буюу1996 онд ОУОХ-ны 100 жилийн ой боллоо. НҮБ-д ОУОХ-ноос тунхаг бичиг гаргасан. Үүнд ОУОХ-ны гишүүн орны төр, засгийн тэргүүн нар өөрийн оронд олимпийн боловсролыг хөгжүүлнэ, нийт иргэддээ хүртээмжтэй болгох ёстой гэдгийг тунхагласан. Үүний дагуу хамгийн эхлээд ОХУ дэмжиж олимпын боловсролын хөтөлбөртэй болгосон. Энэ туршлагыг манайхан судлаад 1998 онд МҮОХ олимпийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр баахан материал тараасан. Олимпизм, өвөл, зуны олимпийн видео бичлэг, лого, палакатуудаар олимпийг сурталчлах ажил хийлээ. Мөн аймаг бүрт Биеийн тамир спортын хороо байсаар байтал тусад нь аймаг бүрт Олимпийн зөвлөл гэж байгуулсан. 

-Харин тийм. Энэ зөвлөлийн үүрэг юу байв аа. Одоо МҮОХ-ны дүрмийн талаарх маргаанд ч, МҮОХ-ны сонгуульд ч энэ зөвлөлийн тухай их шүүмжилдэг?

-Аймаг бүрт байгуулсан Олимпийн зөвлөлийн даргаар тухайн аймгийн Биеийн тамир, спорт хорооны дарга ажилладаг байлаа. Тэд үндсэн ажлынхаа зэрэгцээ олимпийн боловсролыг нутгийн иргэддээ дэлгэрүүлэн түгээх ажил хийдэг. Мэдээж зарим нь сайн, зарим нь тааруухан хийгээд явж байсан. Гэтэл 1999 онд болсон МҮОХ-ны хурлаар аймаг бүрт ажиллаж байгаа Олимпийн зөвлөлийн дарга нарыг МҮОХ-ны гишүүнээр нэмж оруулъя гэдэг санал оруулсан. Ерөөсөө манай МҮОХ-ны үүрэг нь олимпийг сурталчлах, олимпийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэх л үүрэгтэй шүү дээ.Өөр үүрэг байхгүй. Ингээд бүгд МҮОХ-ны гишүүн болоод явж байтал зарим нь Олимпийн зөвлөлийн ажлаа багш дасгалжуулагч юм уу өөр хэн нэгэнд даатгаад Биеийн тамир спорт хорооны даргаараа дангаар нь ажиллах болсон. Гэтэл Биеийн тамир спортын хорооны дарга нь МҮОХ-ны гишүүн байна гэсэн дүрмийн дагуу нэг аймгаас л гэхэд Биеийн тамир спортын хорооны дарга нь ч, олимпийн зөвлөлийн дарга нь ч МҮОХ-ны гишүүнээр ороод ирдэг. Ингээд олимпын боловсрол олгох чиглэлээр буюу удирдамжаар ажиллаж байсан хүмүүс МҮОХ-ны гишүүн болоод орж ирсэн болохоор бүтэц нь буруу байна гэдэг шүүмжлэл гарах болсон. Дараа нь их, дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулиудад олимпийг сурталчлах бодлогыг хэрэгжүүлж кабинет байгуулж эхэлсэн. Энэ бодлого зөв. Гэтэл энэ олимпийн кабинетийг хариуцсан хүнээр биеийн тамирын багшийг томилж хүүхдүүдэд олимпийг сурталчилж, палакат үзүүлэнг тайлбарладаг байх чиглэл өглөө. Тэгснээ МҮОХ бас нэг хурлаараа аймаг бүрт байгаа олимпийн кабинетын эрхлэгчдийг МҮОХ-ны гишүүн болгоод олимпийн төлөө зүтгэдэг, олимпийн хөгжил төдийгүй Монголын биеийн тамир спортын хөгжлийн төлөө сэтгэл зүрхнээсээ ажилладаг хүмүүс, спорт холбоодын удирдлага, түүний нарийн бичиг дарга нар гэхчлэн олимпт ордоггүй төрлийн спорт холбоодын төлөөллийг МҮОХ-ны гишүүнээс шахаж гаргасан. Олимпийн зөвлөлийн дарга нар, кабинетийн эрхлэгч нараар МҮОХ дүүрч хөгжлийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйгээ мэдэх тэр хүмүүс МҮОХ-ны гадна гарсан. Функц нь байх ёстой боловч бүгдийг нь МҮОХ-ны гишүүн болгосноос болоод жишээ нь өнгөрсөн онд болсон МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд бөөн юм боллоо шүү дээ. 

-Энэ маргаан одоо ч шүүхийн шатанд яваа юм билээ. Таны дээр хэлсэн завхрал их удаан үргэлжилсний гор гэх үү дээ. Та ч бас энэ үеэр МҮОХ-ны гишүүнээс хасагдсан уу?

-Би хасагдсан. Хөндлөнгөөс багш, судлаач хүний хувьд л ажиглаж байсан. Тэр үеэр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн захирал Намжилмаа маань “Өө хөөрхий, Монголыг төлөөлж хоёр удаа олимпт явчихаад, дээр нь биеийн тамирын төрөлжсөн дээд боловсрол олгох сургууль байгуулчихаад байхад МҮОХ-ны гишүүнээс хасагдчихдаг юм байж” гэж хэлж билээ. Энэ бол дэндүү завхрал биш гэж үү. Би өөрийгөө хасагдахад юм бодоогүй. Надад Биеийн тамирын дээд сургуулийн захирал гэдэг хангалттай том ажил байсан. Энэ хурлаар МҮОХ-ноос олон эрдэмтэн, судлаачид хасагдсан л даа. Энэ байдлаа засалгүй 20 жил болж байна. 

-МҮОХ-ны дүрэмтэй холбоотой юу. Хаанаас нь яаж засах ёстой вэ?

-Олимпийнзөвлөл байгуулах, кабиент байгуулах зэрэг нь ОУОХ-ноос МҮОХ-нд өгсөн чиглэлийн дагуу хийж байгаа үүрэгт ажил мөн. Энэ ажлаа явуулахдаа олимпын зөвлөлөөс болон кабиентын эрхлэгчдээс тус бүр төдөн хувийг нь гэхчлэн МҮОХ-ны гишүүнээр оруулах нь зүйтэй. МҮОХ бол Олимпийн хартийн дагуу өөрийн оронд хөгжиж буй спортын холбоодыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой байгууллага. Олимпын төрлийн спортын холбоо, олимпын бус төрлийн спортын холбоо, үндэсний спортын холбоо, мэргэжлийн холбоод гээд маш олон холбоонд МҮОХ-ны бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх квот өгчихдөг. Харамсалтай нь яг нүдээ олж олимпийн спортыг хөгжүүлэх хүмүүс нь МҮОХ-ны гишүүн болж чаддаггүй. Олимпийн зөвлөлийнхөн, кабинетийн эрхлэгч нар голдуу МҮОХ-г бүрдүүлж, дөрвөн жил тутамд хуралдаж, сонгуульд оролцохдоо МҮОХ-ны дүрэмдээ анхаардаггүй, жижиг үг, өгүүлбэр засаад дүрэмдээ нэмэлт өөрчлөлт орууллаа гээд баталчихдаг. Гэтэл МҮОХ-ны үүрэг хариуцлага, дүрэм, хөгжлийн бодлого, шинэчлэлийг дөнгөж сургууль төгсч нутагтаа очоод кабинетийн эрхлэгч болсон багш орон нутагтаа олимпийн боловсрол олгож, МҮОХ-ны дүрмийг мөрдөөд олимпизмыг хөгжүүлж чадах уу. Дээр нь МҮОХ-ны өнөөгийн ерөнхийлөгч нь МҮОХ гэдэг байгууллагын мэдлийн газар дээр барилга бариулж бусдад шилжүүллээ зарлаа гэсэн үндэслэлээр шүүхээс ял хүлээгээд, хөрөнгө мөнгөний асуудалд ороод байх нь Олимпийн хартийг ноцтой зөрчих явдал ажиглагдах болсон. Энэ явдал Монголын олимпийн түүхтэй хамт бичигдэнэ. Энэ байдлыг одоо л нэн яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Би энэ тухай нэг ч удаа ярьж байгаагүй. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн салбараа өөд нь татах, олимпт Монгол Улс цаашид оролцсон хэвээр байя л гэвэл МҮОХ-ны завхралыг зогсоож зөв ажиллаж эхлэх цаг болсон гэдгийг олимп судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан цорын ганц докторын хувьд дуугүй сууж чадахгүй танд ярьж байна. 

-Таныг сайн ойлгож байна. Харамсалтай нь бид алдаа завхралаа дотооддоо шийдэж чадахгүйд хүрч МҮОХ-ны Ес зүйн хороонд хандталаа хүнд байдалд ороод байна. МҮОХ-ны даргаар маань хууль бус хүн томилогдчихоод ажлаа өгөхгүй байна, шалгаж өгөөч гэсэн утгатай бичгийг ОУОХ-нд илгээлээ шүү дээ. МҮОХ-ны Хянан шалгах комиссын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд танд энэ талаар өнөөдөр юу бодогдож байна вэ?

-Ичгэвтрээр барах уу, хүнд байдалд ороод байна. Намайг МҮОХ-ны Хянан шалгахад ажиллаж байсан үе бол дандаа мундаг, нэр төртэй, шуналгүй хүмүүс ажиллаж байсан өөр цаг үе, өөр хүмүүс шүү дээ. Тэд бурууг хийе ч гэх хүсэлгүй, бурууг хийе ч гэсэн тийм их мөнгө төгрөг, хээл хахууль гэгч байсангүй. Тухайн жилд зарцуулсан хөрөнгө мөнгө, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хянан шалгахынхан шалгадаг байсан. МҮОХ чинь олон нийтийн байгууллага шүү дээ. Олимпын боловсрол муу, олимпийн хорооны талаарх мэдлэг нимгэнээс болоод л төрийн байгууллага мэтээр ойлгох болсон. Дөрвөн жил тутамд болдог олимпоос манай тамирчин медаль аваад ирэхээр МҮОХ л ажил хийгээд байна гэж боддог. Үндэсний олимпын хорооны ажил бол жишээ нь Токиогийн олимп гэхэд олимпоос эрх авсанМонголын баг тамирчид Токиогийн нисэх буудалд буухаас эхлээд тэр 16 хоногт үргэлжлээд Монголын баг тамирчид эх орондоо ирэх хүртэл үргэлжилдэг. Бусад үед олимпоо сурталчлаад байж байх үүрэгтэй олон нийтийн байгууллага. Гэтэл үүнийг мэдэхгүйгээс цаг үргэлж спортын салбарын сайн, мууг МҮОХ-нд нааж байдаг, түүндээ ч дасал болчихсон. Ер нь МҮОХ нь Биеийн тамир, спортын улсын хороотой уялдаатай ажиллаж чаддаггүй. Аль үүрэг функцээ хэн нь хариуцаад байгаа нь ойлгомжгүй. Энэ байдал спортын хороодод ч, тамирчдад ч төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг. 

-Олимпийн медальтнуудын холбоог МҮОХ-ноос хассан талаар нэлээд шүүмжлэл өрнөж байна. Энэ байгууллага ямар учиртай юм бэ?

-ОУОХ-ны чуулганаар дүрэмдээ өөрчлөлт оруулах, олимпын хөтөлбөрийг батлах зэрэг асуудлыг хэлэлцдэг. Үүний дагуу нэг хурлаараа улс болгон олимпийн медальтнуудын холбоо байгуулах ёстой гэсэн шийдвэр өгсөн юм билээ. Түүний үндсэн дээр байгуулагдсан болохоос медаль авч байсан хэдэн хүн нийлээд байгуулчихсан хэрэг биш. Тэгсэн тохиолдолд ОУОХ тийм амархан зөвшөөрөөд бүртгэхгүй. Тэр холбооны хуралд би очиж байсан. Тэгэхэд 1964 оноос хойшхи олимпийн наадамд оролцсон хүн бол Монголын олимпчин мөн гээд тэмдэг өгсөн. Миний хань олимпт оролцож байсан учраас тэр тэмдгийг авч байлаа. Мөн олимпийн наадамд оролцож байсан хүмүүсийнхээ амьдрал ахуйг дэмжих, туслах, олимпийн наадам үзүүлэх тухай ч ярьж байсан. Ийм л үүрэгтэй. Олимп үзсэн, олимт оролцсон тэр хүмүүс МҮОХ-ны алдаа оноог харж байгаа, болж өгвөл алдааг засалцахсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Даамын холбооны Ч.Бат-Эрдэнэ, “Голомт”-ын Баясгалан, боксын Н.Баярсайхан, чөлөөтийн Ч.Дамдиншарав, оюутны спортын Д.Жаргалсайханэнэ хүмүүст алдаа, оноо аль аль нь бий. Гэтэл албан тушаалын төлөөх өрсөлдөөн гэж харж элдвээр гутаан гүтгэж эхэлж байна. Үүнийг ард түмэн төдийгүй мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч, олимп судлаач би хүртэл дуугаа хураахад хүрсэн. Ингээд дуугүй байгаа, мэдэхгүй байгааг далимдуулж их зүйл болж байна. Жүдогийн анхны олимпийн медальт Ц.Дамдин багшийг бурхан болсны дараахан би МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл бүх гишүүдээ цуглуулж том хурал хийж дэд ерөнхийлөгчөө сонгох байх гэж бодож байлаа. Гэтэл тэгсэнгүй. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг гээд олимпоос ч, спортоос ч хол хүн гэнэт гараад ирэхэд үнэхээр их гайхсан. Тамирчдаа, спортоо дэмжиж тэтгэх мөнгөтэй хүн орж ирж болно. Гэхдээ өрсөлдөж гарч ирэх ёстой. Тэгээгүй. Мөнгөтэй хүн л гэдгээр нь мэдэж байгаа юм. Ийм хүмүүсийг цуглуулаад байгаа учраас “дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэгчээр удирдлагууд нь буруу зөрүү ажил хийгээд, олимпын байрны талбай, газрын наймаатай холбоотой асуудалд холбогдож, Эмнэлэг эрдэм шинжилгээний байгууллага барилаа, түүнийгээ зарлаа гэхчлэн хууль бус үйлдэл гаргаж шүүхээр нотлогдоод байна. Үүнд бол МҮОХ-г удирдаж байгаа Д.Загдсүрэн үүрэг хүлээсний хувьд хариуцлага хүлээх ёстой. Түүнд мэдэгдэхгүй хэн нэгэн ийм ажил хийсэн ч Д.Загдсүрэн даргын хувьд мэдэж байх учиртай. Энэ бүх алдаа дутагдлаа энэ удаагийн хурлаараа нэг тийш шийдэж цэгцлэх хэрэгтэй гэж хагас зуун жил багшилсан сурган хүмүүжүүлэгчийн хувьд, Монголд олимпизмын сэдвээр докторын цол хамгаалсан эрдэмтний хувиар үе үеийн шавь нартаа болон МҮОХ-ны гишүүдэд анхааруулахыг хүсч байна. ОУОХ-ны өмнө МҮОХ-ны нэр цэвэр ариун байх ёстой. Мэргэжлийн хүмүүсээр, эрдэмтэд судлаачдаар, олимпт оролцож байсан, олимпизмд хувь нэмрээ оруулсан гавьяатнууд, спортын зүтгэлтнүүдээрээ МҮОХ-г бүрдүүлэх ёстой. Үүнийг одоо л хийхгүй бол цаашид улсынхаа нэр хүндэд ямар хохирол учирч, Монгол Улс ОУОХ-ны өмнө хэрхэн ичгэвтэр байдалд орж, тамирчдаа хохироохыг таашгүй учраас хэлж байгаа юм. Өнгөрсөн онд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар Д.Загдсүрэнг улираан сонгоход ч завхрал харагдсан. Олимпийн зөвлөлийн гишүүд, олимпийн кабинетын эрхлэгч нар МҮОХ-ны даргад л саналаа өгдөг юм байна. Орон нутгаас ирсэн гишүүнд нэг телевизор, эсвэл камер олимпыг хөгжүүлэхэд нь оруулах хувь нэмэр гээд өгөхөд л даргынхаа эсрэг санал өгч чаддаггүй. Тэр эрх нь Олимпийн хороонд байгаа болохоор давуу эрхээ ашиглаад өнгөрсөн сонгууль их муухай болж өнгөрснийг шавь нар маань ч, спортын салбарынхан их ярьдаг. Би ч гэсэн Д.Загдсүрэнгийн удирдлага дор ажилладаг байсан бол ингэж шүүмжлэх, эсвэл эсрэг санал өгөхөд хэцүү л байх. 

-Гэхдээ тийм олон гишүүн цуглачихаад сонгууль явуулж байхад ял авсан гэмт хэргийнх нь тухай ярихгүй, олимпийн хартиг ярихгүй байна гэхээр дэндүү харамсалтай. Уг нь хамгийн ардчилсан байгууллага баймаар юм?

-Чадахгүй шүү дээ. Эрх чөлөө, ардчилал МҮОХ-нд даанч алга. Уг нь ОУОХ, НҮБ, ЮНЕСКО энэ гурван байгууллага л дэлхийн хамгийн том олон нийтийн байгууллага шүү дээ. ОУОХ хамгийн ардчилалтай байгууллагын гишүүн орон байж МҮОХ ийм харамсалтай нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж болохгүй. Би 2004 онд Афины олимпийннаадмаас хойшхи бүх олимпийн наадмыг телевизээр орон даяар шууд дамжуулалтыг тайлбарлаж байсан. Олимпыг л сурталчилж байгаа хэрэг. Харин МҮОХ-г бол шүүмжилнэ. Өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эмнэлгийн хүн. Энэ холбоонд эрдэмтэн, судлаачид хэрэгтэй. Гүйцэтгэх зөвлөлд ч Б.Баттүшиг, Ц.Сандуй, Ч.Амарсанаанарын улстөрч ч гэх үү, бизнесийнхэн байдгаас биш эрдэмтэн судлаач алга. Завхрал эндээс л эхэлж байна. Үүнийг л яаралтай засч залруулах шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны сурган хүмүүжүүлэх ажилд өндөр амжилт хүсье.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554225Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54818Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44277Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35825Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33570Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11459Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6678Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1660Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.