Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 54820Нийт сэтгэгдэл: 60

УЛИРЛЫН ХОЁР ДУГААР ХАГАСЫН ОНЦЛОХ ХҮЛЭЭЛТҮҮД... ЛЕБРОН, ФИНАЛ, ОНЦЛОХ БАГУУД

2-р сарын 23 | 11 цаг 10 минут

“Trade Deadline 2019” дуулиан, шуугиантай өндөрлөж үүний араас залгуулан Бүх Оддын тоглолт Шарлотт хотноо амжилттай зохиогдсоноор улирлын эхний хагас өндөрлөв. Харин  энэ 7 хоногоос улирлын хоёр дугаар хагас албан ёсоор  эхэллээ.

Энэ үед сагсан бөмбөг сонирхогчдын толгойд маш, маш, маш олон асуултууд эргэлдэж байгаа.

Солилцооны цонх хаагдахаас өмнө амжиж хүчээ зузаалсан багууд олон  байгаа ч энэ нь Голден Стэйт Уорриорс багийг Хаан ширээнээс түлхэн унагахад хангалттай байв уу? Өрнөд бүст тэдний эсрэг хамгийн хүчтэй өрсөлдөх баг аль нь вэ? Дэнвэр Наггетсийн залуус плэйоффт энэ тоглолтоо хадгалж чадах болов уу? ОКС Тандэрт бид одоо итгэх цаг  болсон уу? Лос Анжелес Лэйкерсийн  плэй-оффт оролцох  боломж хэр бодитой вэ? ЛэБрон Жэймсийн 14 улирал дараалан плэйоффт оролцсон амжилт энэ хүрээд зогсох уу?

Жэймс Хардэн Рокетсийг нүхнээс гаргаж ирж чадсан ч тэд өмнөх жилийн амжилтаа бататгаж бүсийн финалд хүрэх боломжтой юу? ЛэБрон Жэймсийн НАЙМАН жилийн ноёрхлоос ангжирсан  Дорнод бүсийн өрсөлдөөнөөс аль баг нь финалд бүсээ төлөөлөн гарч ирэх бол? Филаделфи 76 багийн хийсэн солилцоо тэднийг энэ бүсийн хамгийн шилдэг баг болгож чадсан уу? Бостон Селтиксийн дотоод хямрал тэднийг финалд хүрэхэд саад болох уу? Марк Гасолыг эгнээндээ элсүүлсэн Рэпторс эцсийн эцэст дутагдаж байсан зүйлээ олж чадсан уу? “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч” шагналд  нэр дэвшигч Грек дайчин Яаннис Антеткумпо Баксыг мөрөөдлийн аралд хүргэж чадах болов уу?

Дээрхи олон асуултын хариултыг бидэнд өгөхөөр улирлын 2 дугаар хагас бидний хаалгыг татаад ороод ирлээ. Харин энэ удаагийн нийтлэлээрээ энэ хагаст бидний хүлээх гол бөгөөд хүмүүсийн анхаарлын татах зүйлс юу байж болох талаар өөрийн бодлыг хэрхэн сийрүүлснээ эрхэм уншигч тантай хуваалцъя.

ЛэБрон Жэймсийн 14 улирал дараалан плэйоффт шалгарсан амжилт энэ жил тасалдах уу?

Лигт элссэн эхний хоёр  жилдээ плэй-оффыг үзэгчийн суудлаас үзсэн ЛэБрон Жэймс түүнээс хойш плэйоффыг өнжиж үзээгүй. Тэр ч бүүхэл энэ хугацаанд тэрээр ЕСӨН удаа финалдаж, ГУРВАН удаа цом өргөхдөө сүүлийн НАЙМАН улирал дараалан финалд шалгарсан юм. Энэ нь ЛеБроныг өнөө үеийн нэгэн давтагдашгүй  өвөрмөц амжилтын эзэн болгоод байна. Яг одоо идэвхитэй тоглож буй тоглогчдын дунд түүнээс олон жил дараалан плэй-оффт шалгарсан ганцхан тоглогч байгаа нь Шарлотт Хорнетс багийн холбон тоглогч Тони Паркер юм. Хорнетс энэ улиралд плэйоффт үлдэж чадвал “ТП9” 18 дахь улиралдаа плэй-оффт тоглох учиртай.

Жэймс цавиндаа гэмтэл авч 14 тоглолт өнжихөөс  өмнө   баг нь бүсдээ 4-р байрт бичигдэж ЛэБрон Жэймс өөрөө “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” шагналд гол нэр дэвшигчээр яригдаж байлаа. Гэтэл, хэрвээ өнөөдөр плэй-офф эхэлвэл  29-29 амжилтаар бүсийнхээ 10-р байрт бичигдэж байгаа Лэйкерс плэйоффыг өнжихөөр байдалд хүрчээ.

Яг энэ үед тэдний хамгийн дээд боломж юу бол?

Плэй-оффт хэдээр ч шалгарсан ЛэБрон Жэймс байгаа үед Лэйкерс  хамгийн аюултай баг мөн үү?

Хэдий ЛэБрон Жэймс өмнө нь олон удаа ийм байдалд орж тэр бүртээ шүүмжлэгчдийн буруу гэдгийг удаа дараа батлан харуулж байсан ч энэ удаа, энэ жил өмнөх жилүүдээс өөр байх магадалалыг үгүйсгэмгүй.

Юуны түрүүнд  энэ удаа түүнд “Бүх Одод” хамтрагч байхгүй, мөн Дорнод бүсээс ялгаатай нь Өрнөд бүсийн  1-8 р байрын өрсөлдөөнд яваа бүх багууд илүү хүчирхэг  билээ.  Хэрвээ Лэйкерс плэйоффт орох ёстой бол тэд улирлын үлдсэн 25 тоглолтуудаас  дор хаяж 18-20 хожил авах шаардлагтай  бөгөөд эдгээр тоглолтуудад ЛэБрон Жэймс хамгийн багадаа 40-44 минут тоглох шаардлагтай болно гэсэн үг. Гэвч саяхан гэмтэл авсан  ЛэБрон Жэймс ийм   ачаалал авахад бэлэн үү? Байдал буруугаар эргэж, түүний гэмтэл сэдрэн Жэймс ямар нэгэн байдлаар тоглолтууд өнжих шаардлага гарвал Лэйкерсийн плэй-оффт орох боломж тэр хэмжээгээр багасна гэсэн үг юм.

Магадгүй Лэйкерсийн залуус, болж өнгөрсөн бүхнийг ардаа орхин, үлдсэн тоглолтуудаа сайн амжилтаар  дуусгаж, улмаар плэйоффт орох эрхээ авч чадвал энэ цаг үеийн шилдэг ЛэБрон Жэймсээр ахлуулсан тэднийг плэйоффоос мултална гэдэг амаргүй байх биз ээ. Плэйоффт нас туршлага бүхнийг шийддэг гэдгийг уншигч та надаар хэлүүлэтгүй мэдэж байгаа.

Харин үүний дараа, солилцооны цонх хаагдахаас өмнө олигтой тоглогч авч чадаагүй тэдний энэ зуны төлөвлөгөө юу вэ? Чөлөөт агентууд Холливудад ирж Жэймстэй тоглохыг хүсэх үү? Гэх мэт олон хариултаа хүлээсэн асуултууд дахин биднийг угтах болно.

Өрнөд бүсээс аваргуудтай энэ зэрэгцэх дараагийн баг аль нь вэ?

Өмнөх улирлын бүсийн финалд аваргуудыг плэйоффоос мултлахад ганцхан хожил дутуу байсан Рокетст өмнөх жилийн багаас  сүүдэр нь ч үлдсэнгүй ээ. Улирлыг тааруухан эхлүүлсэн тэд Жэймс Хардэнийн гайхамшигт тоглолтын ачаар плэйоффын өрсөлдөөнд эргэн ирсэн ч энэ нь тэд дахин бүсийн финалд хүрч,  аваргуудыг ар нуруугаар нь хананд шахна гэсэн үг биш билээ.

Трэвор Ариза, Люк Мба Муте нарын орон зайг нөхөх тоглогчоо удтал хайсан тэд Иман Шумпертыг эгнээндээ элсүүлсэн нь боломжийн нүүдэл байсан ч Шумперт ирснээр тэдний хамгаалалтын асуудал шийдэгдэхгүй юм. Рокетс аваргуудаас хуруу дутуу хэвээрээ.

Ноён “Триппл Дабл”-аар ахлуулсан багийн хувьд Пол Жоржын MVP хэмжээний тоглолт нь ОКС Тандэрт сүүлийн 10 тоглолтоос  найман хожил авчирч, тэд бүсийнхээ 3 дугаар байрт орж ирсэн ч, улирлын үлдсэн тоглолтуудад тэд хамгийн хүнд хуваарьтай байгаа. Тодруулбал Тандэр улирлын үлдсэн 25 тоглолтынхоо 18 ыг нь плэйоффын өрсөлдөөнд яваа багуудтай хийнэ.

Тэдний хувьд плэй-оффт хэдээр гарч эхний шатанд ямар багтай таарах нь Уоррииорстой таарахаасаа өмнө санаа зовох асуудал юм. Жишээ нь “Юта Жазз”. Одоо үзүүлж байгаа тэдний багийн тоглолтыг бид плэй-оффт харах уу? Рассэл Уэстбрүүк хуучны Рассэл Уэстбрүүк шиг тоглох уу? Үгүй юу? Учир нь Плэй-оффт бид ямар Уэстбрүүкыг харах  бол гэдэг л тэдний амжилтын гол шалтгаан байх болно. ОКС Тандэр Уэстбрүүкээр амьдарч Уэстбрүүкээр үхнэ гэдэг өөрийн дуртай ишлэлээр энэ сэдвийн хариултыг уншигч танд үлдээе?

Дэнвэр Наггетс энэ улирлын гоё ярих сэдэв болж байгаа ч нас залуу туршлага бага тэднээс плэй-оффт том амжилт хүлээх эрт байна. Энэ бүрэлдхүүнээрээ анх удаагаа плэй-оффт оролцох тэдний хувьд, улирлын үлдсэн тоглолтууд плэй-оффт бэлтгэх сайхан боломж юм. Гэсэн ч тэднийг аваргуудтай эн тэнцүү өрсөлдөнө гэхэд арай эрт болов уу?

Яг одоогоор Өрнөд бүсэд Голден Стэйтийн эсрэг хүчтэй өрслдөх баг нь энэ гээд нэрлэчих бусдаасаа ялгарах баг үнэндээ алга байна. Гэхдээ энэ жил аваргаа дахин хамгаалж ГУРАВ ДАРААЛАН түрүүлэх нь өмнөх жилүүдийн адилгүй гэдгийг Стив Керр дасгалжуулагч хэн хэнээс илүү сайн мэдэж байгаа нь тодорхой.

Дорнод бүс хэнийх вэ?

ЛэБрон Жэймсийн найман жилийн ноёрхол дуусч  эзэнгүй үлдсэн Хаан сэнтийн төлөө өрсөлдөөн нээлттэй үлдсэн. Харин энэ тулаанд төвөггүй тодрон  гарч ирэх ёстой байсан Бостон Селтикс улирлын эхнээс бүдэчсээр өдийг хүрлээ. Харин энэ хооронд нь шинэ дасгалжуулагч Майк Буденхолзерын  удирдсан Милоуки Бакс бүсээ тэргүүлэн, Бүх Оддын завсарлага хүрсэн нь Баксын хувьд сүүлийн 30 жилд үзүүлээгүй сайн амжилт болсон. Гэвч ганц Грек дайчинаар удирдуулсан тэд улирал дуустал энэ амжилтаа хадгалж чадах болов уу?

Юуны түрүүнд бүсээ амжилтаараа тэргүүлэн улиралаа дуусгаж, плэй-оффт талбайн давуу талтай орох нь тэдний хувьд маш чухал юм. Туршлага бага тэдний хувьд энэ улирлын MVP-д хүчтэй өрсөлдөгч байгаа нь тус болж болох ч плэй-оффт түүнд туслах туслахууд нь хэр үр дүнтэй тоглохоос бүх зүйл шалтгаалах болно. Аварга авах хэмжээний багт дор хаяж хоёр супер од байх шаардлагтайг түүх хэдийнэ нотолсон.

“Солилцооны цонх” хаагдахаас өмнө хамгийн том, хамгийн дуулиантай наймааг хийж чадсан “Филли 76” яах аргагүй бүсийнхээ хамгийн шилдэг “Гарааны тавт”-ыг бүрдүүлж чадлаа. Энэ гараатай энэ зэрэгцэх бүрэлдхүүн магадгүй Голден Стэйтэд л байгаа байх. Гэхдээ Уорриорс сүүлийн 4 жилд 3 удаа аварга болсон туршлагатай бол Филли энэ багаа дөнгөж бүрүүлээд буй. Одоо тэдэнд плэй-офф эхлэхээс өмнө нэг баг болж нэгдэх амаргүй ажил бий. Багийн гол тоглогч байж бүхний анхаарлын төвд байхыг хүсдэг Жимми Батлерт шинэ үүрэгт ажил нь хэр таалагдах бол?

Довтлохоос илүү хамгаалж тоглодог Жимми эргэн ирэх үү?  Тоглолтын төгсгөлд бөмбөг хэний гарт байх ёстой вэ? гээд Филлид асуудал олон бий. Мөн үүнээс гадна тэдний сэлгээ аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд хангалттай биш. “Buy Out”-ын зах зээлээс зөв тоглогчоо сонгон авч сэлгээгээ зузаалж чадвал энэ нь тэднийг финалд хүргэх  гол хөзөр байх учиртай.

Өнгөрсөн улиралд бүсээ хожлоороо тэргүүлсэн ч ЛэБрон Жэймст шүүрдүүлсэн “Торонто Рэпторс” жилийн өмнөхөөсөө огт өөр баг болоод байгаа. Өвлийн солилцоогоор нэгэн цагт “Оны шилдэг хамгаалан тоглогч” шагналын эзэн болж явсан Марк Гасолыг  авчирснаар Рэпторс өөрсдийнхөө хэмжээнд байж болох хамгийн төгс багийг бүрдүүлсэн гэж болно.

Хамгаалалт, гурвын шидэлтээр цоо шинэ өнгө төрхийг олоод байгаа тэдэнд Дорнод бүсээ манлайлж финалд тоглох боломж хангалттай бий. Улирлын үлдсэн 25 тоглолтод шинэ бүрэлдхүүнийхээ уяа сойлгыг нь тааруулж чадвал Ник Нөрс дасгалжуулагчид энэ бүсийн хамгийн тэнцвэртэй бүрэлдхүүн, хамгийн туршлагтай баг нэгэнт бүрджээ.

Эцэст нь хувцас солих өрөөний уур амьсгал, хувь тоглогчдын амбицаас болж хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй яваа ч “Бостон Селтикс” энэ бүсийн гол багуудын нэг хэвээрээ. Ахмад – Залуу тоглогчдын хоорондын үл ойлголцол, эрх мэдлийн төлөөх тэмцэл Брэд Стивенс дасгалжуулагчийн хэмжээнээс ч хальжээ. Бүх оддын тоглолтын завсарлагын өмнөх хоёр чанартай хожил нь Кайри Ирвинггүй  Селтикс асуудалгүй тоглох боломжтой гэх сэдвийг хүртэл гаргаад амжсан билээ.

Гэхдээ Селтикс аваргын төлөө өрсөлдөж, тэр хэмжээнд яригдахын тулд Кайри Ирвинг л тэднийг манлайлж, Кайри Ирвинг л энэ багийг ахлах ёстой нь энэ улирлын хувьд маргашгүй үнэн.

Тоглогч бүр өөрсдийн үүрэгт ажлаа ухамсарлаж, өмнөх ажлаа хийх аваас Селтикс Дорнод бүсийн тэргүүн баг байх боломжтой. Хэрвээ тэд ямар нэгэн байдлаар төлөвлөснөөсөө эрт улиралаа дуусгавал зөвхөн өөрсдийнх нь л хохь болно.

Улирлын тоглолтууд дуусахад  долоон долоо хоног үлдээд байгаа энэ үед аль аль бүсээс финалд шалгарах магадлалтай багуудын талаар товчхон дүгнэлт хийхэд ийм байна. Алтан мужийн Дайчдын “Алтан эзэнт гүрний” ноёрхол хэзээ нэгэн цагт дуусах нь  тодорхой ч тэднийг Хаан сэнтийгээс түлхэн унагах  баг нь хэн байх бол? Дараагийн эзэнт гүрнийг хэн, хэзээ,  хаана босгох вэ?

Энэ бүхний хариултыг бидэнд өгөх НБЭ-ийн улирлын хамгийн сонирхолтой, хамгийн үзүүштэй тоглолтууд яг одоо л эхлэж байна.

Улирлын хоёр дугаар хагаст тавтай морил!

3

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.***Idree   • 2 сарын 26. 0 цаг 11 минут

Onovchtoi bagtsaatai bhaa er n goy bichjee

112.72.11.***Зочин   • 2 сарын 25. 0 цаг 47 минут

Saihan bicjee amjilt ah

66.181.191.***Зочин   • 2 сарын 24. 23 цаг 19 минут

Bayarlaa. niitleluud unshaad sagsand durtai bolj, baguudig meddeg bolj bga

Улаанбаатар

13°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 13°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554231Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54820Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44277Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35825Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33571Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11459Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6678Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1660Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.