Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих

Л.ОЮУ-ОД

Нийт уншсан: 44277Нийт сэтгэгдэл: 44

САРРИ ЧЕЛСИД ҮЛДЭХ БИШ ЧЕЛСИ САРРИГ ҮЛДЭЭХ ЁСТОЙ

Маурицио Сарри Челсигийн муу тоглолтын буруутан биш гэдгийг нотлох шалтгаануудыг бичлээ.

2-р сарын 26 | 16 цаг 27 минут

САРРИ ҮЛДЭХ БИШ САРРИГ ҮЛДЭЭХ ЁСТОЙ

Английн Челси клубын дасгалжуулагч Маурицио Сарри сүүлийн хэдэн хоногийн хугацаанд хөлбөмбөгийн гол ярианы сэдэв болоод байна. Премьер лигийн хамгийн том хожигдлоо амссан, лигийн цомд хожигдсон, Борнмутад хожигдсон гээд олон хар бараан зүйлс Челсид тохиолдсоор. Харин үүний буруутан менежер Маурицио Сарри юу ?

Хэдийнээс Челси клубын удирдлага, менежментийн шатлал, менежертээ хандах хандлага, хөлбөмбөг сонирхлыг маань татдаг байсны хувьд Маурицио Сарри энэ бүхний буруутан биш гэдгийг нотлох шалтгаануудыг бичлээ.

Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх нийгмээс хамгийн дээр нь гэж Английн ерөнхий сайд Винстон Черчиль хэлсэн байдаг шиг Маурицио Сарри мундаг нь биш ч гэлээ одоогийн нөхцөл байдалд Челсид хамгийн зөв сонголт нь Сарриг үлдээх юм.

Сарри...

Одоо 60 настай энэ эрхэм хамгийн анх 2015 онд дээд лигийн утаа үнэрлэж үзсэнийг сануулмаар байна. Түүнээс энэ цаг мөч таны дасгалжуулагчийн замналын хамгийн хүнд үе үү гэж асуухад Сарри хээв нэг “Өмнө нь Италийн дээд, доод лигүүдэд зөндөө л юм үзсэн. Тэвчээргүй байдал, халагдах аюул Италид ажиллаж байгаа хэний ч дэргэд үргэлж оршдог” гэж хэлсэн юм. Үнэн. Валдема, Перүжиа, Ареццо, Сорренто, Хэллас Верона гээд олон клубуудэд богинохоон хугацаанд ажиллаад халагддаг байсан Саррид анх удаа муу эхлэлийг нь тоолгүй өнгөрөөж итгэсэн баг Эмполи байсан юм. Сарри Италийн дээд лигт гартлаа бараг 20 жил баг дасгалжуулсан. Нэг багт нэг, хоёрхон жил эсвэл нэг хоёрхон сар ажиллаад л чемоданаа чирээд гардаг байсан. Гэхдээ Эмполигийн эзэн Фабрицио Корси 2012-13 оны Сери Б-д эхний 10 тоглолт огт хожил авч чадалгүй, боломжит 27 онооноос ердөө 3-хан оноо авсан ч Саррид итгэл хүлээлгэсэн.

Үүний хүчинд Эмполи тэр жилээ 4-т орж, плэйоффын шигшээ хүрсэн. Дараагийн улиралд нь лигтээ 2-т орж Сери А руу багаа дэвшүүлсэн юм. Харин Сарри 2015 онд Наполигийн дасгалжуулагч болж, гурван жилийн турш амжилттай удирдсаныг нь та бүхэн мэднэ.

Роман Абрамовичийн хувьд Корси шиг эзэн үү гэвэл үгүй. Тэр хүсэх л юм бол ямар ч дасгалжуулагчаа халж орхидог. Гэхдээ Челси түүнийг халах ёсгүй. Сарри үлдэх биш Сарриг Челси үлдээх ёстой.

Челсигийн ирээдүй  - Абрамович биш

 Английн Челси клубыг ноён Роман Абрамович удирдан залсаар 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Челси клуб 13 удаа менежерээ сольжээ. Нэг менежерийн ажиллах дундаж хугацаа 1 жил 2 сар. Гэтэл бид энэхэн хугацаанд ямар амжилт хүлээх вэ? Спортын амжилт ганцхан сар, ганцхан жилийн дотор ирдэггүй. Ирсэн ч зөвхөн хөөс төдий буюу удахгүй хагарах нь тодорхой байдаг. Жишээлбэл Сарри энэ жил Премьер лигийн рекордыг эвдэж, улирал эхэлснээс хойш хамгийн олон тоглолт буюу 12 тоглолтын турш хожигдоогүй. Гэтэл түүнээс хойш 6 тоглолтынхоо гуравт нь өрсөлдөгчдөө ялагдсан. Унай Эмэри энэ улирал мөн л 22 тоглолт дарааллан хожигдоогүй. Түүнээс хойш 6 тоглолтынхоо мөн 3-т нь хожигдсон. Гэтэл энэ хоёр баг лигээ тэргүүлж байгаа гэж үү ? Пеп Гуардиола ч премьер лигт ирээд эхний 6 тоглолтдоо 18 гоол оруулж тавхан гоол алдаж бүгдэд нь хожиж байлаа. Гэтэл дараагийн 3 тойрогтоо хожил авч чадаагүй л байдаг. Энэ нь ийм “хөөс” буюу түр хугацааны эхлэл амжилт удаан хугацаанд үргэлжилдэггүйг илтгэж байна. Тодорхой хугацаанд үргэлжлээд зогсдог. Энэ нь багт өөрчлөлт орж, шинэ салхи орж ирэхээр тамирчдын сэтгэлзүй ч илүү эрч хүчтэй, өөдрөг болдогтой холбоотой. Харин тодорхой хугацааны дараа тогтсон байдал руу шилжиж эхэлдэг. Яг энэ үеэс бүх асуудлууд гарч ирж, улмаар үүнийг шийдэх шаардлагатай болно. Шийдэхийн тулд өөрийн арга барилыг суулгах, хүссэн тамирчнаа авчирч тоглуулах гэх мэт шийдвэрүүдийг менежер гаргаж эхэлнэ. Дунджаар шинэ менежер өөрийн хүссэн багаа бүрдүүлэхэд 3 наймааны цонх шаардлагатай. Гэтэл Сарри 7-р сарын 14-ны өдөр Челсиг удирдаж эхэлсэн. Энэ улирлын анхны бэлтгэлд Конте байсан гээд бод доо. Саррид энэ улиралд бэлдэх цаг хомс байлаа.

Сарригийн тухай мартаад Челсигийн дасгалжуулагчдыг харахад Аврам Грант, Луис Фелипэ Сколари, Гүүс Хиддинк хоёр удаа, Виллаш Боаш, Роберто Ди Маттео, Рафа Бенитес гээд 7 тохиолдол нь 7 сар болон түүнээс богино хугацаанд багийг удирдсан. Эхлэл “хөөс” буюу эхлэл амжилт гаргаж чадахгүй бол ажлаасаа халагддаг гэсэн үг. Гэтэл Английн бусад шилдэг багуудыг жишээ татъя. Пеп Гуардиола урт хугацааны төлөвлөгөөтэй учраас Манчестер Ситид ирсэн. "Манчестер Сити"-г эзэмшдэг "Сити фүтбол групп" дэлхий даяар 7 хөлбөмбөгийн клубыг эзэмшиж, урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тийм ч учраас амжилтад яарахгүй ч, цаг нь ирэхийг мэдэж, төлөвлөсөн байдаг. Эхний жилдээ Пеп 4-т орж, цомгүй дуусгасан. Ливэрпүүл ч мөн адил Юүргэн Клопптой урт хугацааны төлөвлөгөөтэй хамтран ажиллаж байна. Тэр эхний жилдээ ирээд 8-д орж байсныг санах хэрэгтэй. Арсенал Арсене Венгертэй 1986 оноос хойш 22 жилийн турш ажилласан. Унай Эмэритэй ч урт хугацаанд ажиллах гэж авчирсан байх. Манчестер Юнайтед мөн адил урт хугацаанд хүлээх нь ямар чухал гэдгийг Фэргусоны жишээ харуулна.

Гэхдээ Моуриньо урт хугацааны дасгалжуулагч биш. Хурдан хугацаанд мөнгө хаяж, хүссэн тамирчнаа худалдаж аваад амжилт гаргадаг. Харин Пеп, Клопп, Почетинно нар өөрийн тамирчдаа хөгжүүлж, сайжруулж, өөрийн арга барилд суралцуулдаг.

Абрамович яг Моуриньотой адил буюу урт хугацааны амжилтыг биш богино хугацаанд амжилт гаргах, чадахгүй бол халах гэсэн аргацаасан байдалтай Челси клубыг удирдаж байна. Абрамович хэрэв урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр нэг менежертэй хамтарч ажиллахгүй бол Челсигийн ирээдүй яг л ийм тогтвортой бус хэвээрээ явна. Нэг улиралд түрүүлэхийн төлөө үзэж, дараагийн улиралд нь 5-д эсвэл 6-д. Тиймээс урт хугацааны төлөвлөгөөтэй шинэ эзэнтэй болвол Челсид илүү хэрэгтэй санагдах боллоо.

Ингэхгүй бол урт хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй ямар ч менежер Челсид ирэхийг хүсэхгүй. Айж байгаа. Челсигийн ажлыг аваад эхний хэдэн сар, нэг улирал амжилт гаргахгүй л бол халагдана. Гэтэл Тоттенхэм, Ливэрпүүл, Арсенал, МанСити бүгд урт хугацааны төлөвлөгөөтэй ажиллаж,  эхнээсээ Сити, Ливэрпүүл амжилтад хүрээд эхэллээ.

Буруу шатлал

 

Челсид ажиглагддаг нэг зүйл нь буруу эрэмбэ дараалал буюу буруу шатлан захирах ёс. Хөлбөмбөгийн клубт маш олон албан тушаал байх боловч ерөнхийд нь харвал шатлал нь яг энэ зурган дээрх шиг стандартаар эрэмбэлэгдэж явах ёстой.  Лидер - удирдлага, менежмент - менежер, ажилчид - тамирчид. “Ямар ч тамирчин хөлбөмбөгийн клубээс дээгүүрт тавигдахгүй” гэж хөлбөмбөгт алдартай үг бий. Гэтэл Жозе Моуриньо халагдахад, Антонио Конте халагдахад тамирчид нь бослого гаргасаар ажлаас нь халуулсан гэх яриа бий. Мэдээж дасгалжуулагчаа эсэргүүцэх тохиолдол хөлбөмбөгт их гарах болсон ч гэлээ Челсид бүр нэгэнтээ "байдаг л зүйл" аятай болоод байна. Тоглолт болохгүй бол, өөрт нь таалагдахгүй бол бослого гаргаж дасгалжуулагчаа хөөж явуулдаг. 

Нэг жишээ нь лигийн цомын шигшээд болсон Кэпа Аррисабалахагийн үйлдэл. Тэр гэмтсэн ч бай, үгүй ч бай, дасгалжуулагч сэлгээнд суулгах гэсэн л бол Кэпа талбайг орхих ёстой. Жон Терри хүртэл “дугаар чинь сэлгээнд суух дэлгэцэд харагдах л юм бол ямар ч үед хүндлэл үзүүлээд суух ёстой” гэж Кэпагийн тухай ам нээсэн. Энэ стандарт пирамид Челсигийн хувьд тамирчид нь дээрээ, улмаар эзэн нь тэгээд хамгийн сүүлд нь менежер нь ороод байна. Менежер нь хамгийн эрх мэдэл багатай албан тушаалтан болоод байна. Уг нь менежер нь тамирчдаа удирдаж байгаа бус уу?

Антонио Контэ хүртэл өнгөрсөн өвөл Оливье Жиру ирсний дараа энэ клубт болж байгаа наймааг би шийддэггүй гэж ам нээсэн удаатай. Хэрэв ийм буруу шатлан захирах ёс үргэлжилсээр байвал ямар менежер ирэх вэ? Тэр тусмаа урт хугацаанд ажиллах менежер бүр ч ирэхгүй. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тамирчдадаа "хэрэв менежерийн үгээр байж чадахгүй бол сэлгээ рүү, цаашилбал багаас явна" гэдгийг мэдрүүлэх ёстой.

Арга барил өөрчлөхөд хугацаа хэрэгтэй

Сарригийн хөлбөмбөг Пеп Гуардиолагийнхтой их төстэй. Тийм ч учраас Пеп өнгөрсөн зун Фернандиньог орлуулах гэж Жоржиньог авах гэж хичээсэн. Гэхдээ чадаагүй. Фернандиньо, Жоржиньо хоёрын тоглолт төстэй гэсэн үг. Хамгаална, бөмбөгөө авсан тохиолдол урагш довтолгооныг зохион байгуулж, хурдан хугацаанд зөв дамжуулна. Гэтэл Кантэ тийм төрлийн тамирчин биш. Кантэ хуучин байрандаа тогловол "Сарриболл" хэрэгжиж чадахаа болино. Тиймээс Кантэг тэнд тоглуулахгүй байна.

Пеп Ситид ирсэн эхний жилдээ болохгүй байсан ч өөрийнхөө системээр тоглуулсаар л байсан. Ардаа маш олон алдаа гаргаж, хамгаалагч нар хоорондоо дамжуулсаар бөмбөгөө таслуулж маш олон гоол алдсан. Гэхдээ Пеп өөрийнхөө тики такаг Ситид суулгах гэж эхний улиралд огт болохгүй байсан ч яг тэр чигээр нь тоглуулсаар л байсан. Хожигдохоос айгаад болиогүй. Чадан чадтал нь дамжуулалт хийлгэсээр л байсан. Алдсан ч хамаагүй. Сарри ч мөн адил болохгүй байсан ч дадтал нь тоглуулсаар л байна.

Манчестер Ситиг Пеп ирээд премьер лигт төвийн хамгаалагчид дундаа дамжуулалтын ончоор тэргүүлж байсан Жон Стоунсийг авсан. Гэтэл Стоунс хамгаалалтын чадварын хувьд тийм ч сайн биш. Дамжуулалт нь мундаг. Бараг хамгаалагч биш хагас хамгаалагч тал руугаа. Рудигер үүнтэй төстэйгөөр Сарриболлд сайн нийцдэг ч байж мэднэ. Хөлбөмбөгт зөвхөн сайн хамгаалдаг нь тоглодог спорт биш болоод удаж байна шүү дээ.

Гэтэл Челси чинь хамгаалдаг баг байсан. Жозэ Моуриньо, Антонио Контэгийн удирдлага дор хамгаалалтынхаа сайнд түрүүлсэн. Хамгаалдаг багийг довтолдог баг болгоход хугацаа хэрэгтэй. Тэр нь яасан ч нэг жил биш. Яагаад Челси нэг улиралд нь түрүүлж, нөгөө улиралд нь маш муу тоглож байна вэ? Яагаад Челси богино хугацаанд амжилтад хүрээд, урт хугацаанд тогтворгүй байна вэ? Хамгаалдаг дасгалжуулагчид ирээд л амжилтад хүрэхэд илүү амар байдаг. Гэхдээ урт хугацаандаа амжилтад хүрч чадахгүй. Моуриньо хамгийн тод жишээ нь. Харин довтолдог дасгалжуулагч багаа өөрийн арга барилд суулгах амаргүй. Гэхдээ баг нь арга барилаа сурсан тохиолдолд бусад нь зогсоох амаргүй.

Тэгээд ч Эдин Азар хүртэл энэ сарын эхээр Сарригийн арга барил Моуриньогийнхоос илүү надад зохицож байгаа гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ чинь довтолдог дасгалжуулагч. Азар хэрэв Контэ, Моуриньо биш Сарригийн дор хэдэн улирал тоглосон бол илүү олон гоол оруулах байсан. Азар ч үлдэх магадлал Сарри ирснээр нэмэгдсэн. Өөрийг нь гоол илүү оруулах боломжийг өгч байгаа дасгалжуулагчийн дор хэн ч дуртай тоглоно.

Сарри сайн дасгалжуулж байгаа

Сарри Премьер лигт ирээд эхний 12 тоглолт хожигдолгүй тоглож, лигийн рекорд эвдсэн. Сарри дээд тал нь 2 тоглолт л хожилгүй явж үзсэн. Гэтэл Пеп Гуардиола Англид ирсэн улиралдаа 4 тоглолт дарааллан хожилгүй явж л байсан. Одоогоор Английн лигт буй шилдэг багийн дасгалжуулагчид ирсэн улиралдаа эхний 26 тоглолт хэрхэн тоглож байсныг доорхоос харж болно:

Эхний 26 тойргийн дараа
Менежер Улирал Хожил Тэнцээ Хожигдол Гоол  +/-
1 Пеп Гуардиола 2016-17 17 4 5 53-24 29
2 Унай Эмэри 2015-16 15 5 6 55-37 18
3 Маурицио Сарри 2018-19 15 5 6 45-29 16
4 Юүргэн Клопп 2016-17 11 7 8 51-38 13
5 Маурисио Почетинно 2014-15 13 5 8 41-36 5

Сарригийн хувьд гоолын зөрүүгээрээ Унайтай адил 2-т, хамгийн бага гоол алдсанаараа 2-т, хожлоороо Унайтай хамт 2-т байгааг харж болно. Клопп, Почетинно хоёр эхний улиралдаа багаа хамгийн тааруу тоглуулсан нь харагдаж байна. Гэтэл одоо лигтээ Ливэрпүүл 2-т, Тоттенхэм 3-т явж байгаа бөгөөд Аваргуудын лигт тогтмол оролцсоор дасал болж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр клубын эзэд эхний улиралдаа тааруу тоглосон ч хүлээцтэй хандсан гэсэн үг.

Арсеналын Унай Эмэриг сайн ажиллаж байгаа гэдэг хэрнээ Сарриг буруутгаж буй нь шударга бус хэрэг. Унай Эмэри, Сарри хоёр хоёул өнгөрсөн зун шинэ ажлаа авч улмаар хоёулангийнх нь хожил, хожигдол, тэнцээ эхний 26 тойргийн дараа адилхан байна. Хэдийгээр оруулсан гоолоор 8-р цөөн боловч, Арсеналаас 8 гоол цөөн алджээ. Ситид алдсан 6, Борнмутад алдсан 4 гоолоос өмнө хамгаалалт тун давгүй ажиллаж байсан байна. Арсеналд Аубамэяанг өнгөрсөн өвөл ирснээсээ хойш л учраа олсон довтлогч болсон бол энэ улирал Челси өнгөрсөн улиралжин бүтэлгүйтсэн Морататай хамт эхлүүлсэн шүү дээ. Хэрэв дээр буй таван дасгалжуулагчийн үзүүлэлтийг 23 тойргоор харвал Сарри хамгийн амжилттай удирдаж байгаа дасгалжуулагч нь болох байлаа. Зүгээр л хоёр том хожигдол маш муугаар харагдахад хүргэлээ.

Энэ улиралд Сарри Европа лигийн 16-д одоогоор үлдсэн, лигийн цомын шигшээд үлдсэн, Арсенал, Ман Сити, Ливэрпүүл, Спөрсийг буулган авсан. Түүний 7-р сарын 14-нд Челсид ирэхэд баг Австралид аялан тоглолтоор явж байсан, Коммунити Шилдэд тоглох учраас яаруу тоглолтод бэлдэх ёстой болсон. ДАШТ-тэй байсан учраас угийн богинохон болсон зуны цугларалт Франц, Бразил, Бельгийн тамирчид нь бүр хойшилж ирснээс улам бэлдэх хоног нь цөөрсөн.

Гэтэл юу билээ? Челси чинь хамгаалдаг баг байсан. Довтолдог болгох ёстой шүү дээ.

Өнгөрсөн улиралд Челси 4-р байрнаас 5 оноо дутуу тавд орсон. Дөрөвт орсон Ливэрпүүлийн гоолын зөрүү +46, Челсигийнх +24 байлаа. Энэ улиралд Челси нэг нөхөн тойргийн тоглолтоо хийхэд эхний 4-т орж ирэхээр байна. Мөн Арсенал +18, Юнайтед +17, Челси +16 байгаа учраас Саррид хангалттай боломж бий. Хэдийгээр Юнайтед Моуриньог халж Сулширыг авчирсан шиг,  Лампардаа ч юм уу авчирч болох ч гэлээ хөөс хэзээ нэгэн цагт хагарна.

Тийм. Манчестер Юнайтедийн сайн тоглолт хэзээ нэгэн цагт унана. Тэр нь энэ улирлын сүүл үү эсвэл ирэх улирал уу гэдэг л байна. Лампард биш юм аа гэхэд Зола багийг удирдаад эхний 4-т оруулсан ч ирэх улиралд яах вэ ? Зун том дасгалжуулагч ирээд юу хийх вэ? Шинэ тамирчин авч болохгүй шүү дээ. Дахиад л шинэ систем. Тэгвэл өнгөрсөн зун анхнаасаа Сарриг авах хэрэггүй байсан мэт болно. Тиймээс Саррид итгэх ёстой болж байна.

Тэгээд зээлээр явсан 41 тамирчныг яг хэн, хэзээ, хаана ашиглана гэж зээлдэг юм бэ ? Жил болгон дасгалжуулагчаа сольж байгаа юм чинь нэг жилд өөр нэг дасгалжуулагч ирж Кристэнсэнийг сэлгээнд суулгаж, дараа жил нь өөр нөхөр ирж гараанд гаргана.  Тамми Абрахам, Лофтус Чик, Хадсон Одой бүгд адил. Тиймээс нэг дасгалжуулагчаараа 41 хүнээ ухуулж, төнхүүлж хэрэгтэйг нь үлдээж ашиглуулж, хэрэггүйг нь бүр явуулах хэрэгтэй.

Зүгээр л олон дасгалжуулагч сольдог учраас 41 хүний ганц хоёр нь шинэ дасгалжуулагчид хэрэг болж магадгүй гэж Челсигийн удирдлага боддог юм шиг санагддаг. Гэтэл ядаж тэр 41 нөхөр чинь хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг мэдэхэд бага ч гэсэн хугацаа хэрэгтэй баймаар даа.

Наймааны торгууль санхүү мөнгө, албан тушаал тэмцээн

Челсиг 18-с доош насны тамирчин авахдаа дүрэм зөрчсөн хэмээн үзэж хоёр наймааны цонхоор тамирчин худалдаж авах эрхгүй болгосон. Хэдийгээр давж заалдах боловч давж заалдаад ч дор хаяж нэг наймааны цонх болж л буурна. Тэгэхээр лав л зуны наймааны цонхоор шинэ тамирчин худалдаж авч чадахгүй гэсэн үг. Гэтэл багууд зуны урт наймааны цонхоор л ирэх улирлынхаа, багийнхаа ирээдүйг бэлдэж, төлөвлөж, түүн дээрээ тулгуурлан шинэ тамирчид худалдаж авдаг. Ямар төлөвлөгөөтэй дасгалжуулагч зун, өвөл шинэ тамирчин авах эрхгүй болсон газар ирнэ гэж?

2017 оны 11-р сард Челсигийн спорт, техникийн захирал Майкл Эмэнало багийг орхисон. Түүнээс хойш хэн ч энэ суудал дээр очоогүй байна. Антонио Конте хүртэл өнгөрсөн зун “Челсигийн энэ улирал муу байгаа нь Эмэнало багийг орхисонтой холбоотой” гэж хэлж байсан. Энэ албан тушаал бол клубын маш чухал бөгөөд менежертэй нягт хамтарч ажиллах ёстой мест.

Дахин нэмбэл Стэмфорд Брижийг 1 тэрбум паундаар өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Ингэвэл Европын хамгийн үнэтэй цэнгэлдэх болно. Тиймээс ч Челси их мөнгө цацалгүйгээр тачирхан төсвөөр болгох ёстой болсон. Ийм учраас Сарри богино хугацаанд амжилт гаргахын тулд өөрийн мэддэг, хамт ажиллаж байсан тамирчид болох Жоржиньо, Игуайн нарыг авчраад байна. Хэрэв түүнд мөнгө, цаг хугацаа байвал лав л Игуайныг авахгүй байсан болов уу.

Европын шилдэг лигүүдийн дунд Франц, Англи хоёр л дөрвөн тэмцээнтэй. Лиг, холбооны цом, лигийн цом, аваргуудын лиг. Нэмээд өвлийн амралтгүй. Тиймээс бусад орны дасгалжуулагчдад анх ирээд ажиллахад, дасан зохицоход амаргүй байдаг юм. Үүнийг Пеп ч, Клопп ч анх ирээд хэлж байсан. Унай Эмэри харин Францаас ирсэн юм шүү.

Өөр хэн ирнэ гэж ?

Халлаа гэж бодоцгооё. За хэн ирэх вэ ? Ажилгүй байгаа дасгалжуулагчид гэвэл Хүлэн Лопетеги, Зинэдин Зидан,  Антонио Контэ, Жозе Моуриньо, Арсене Венгер, Лорэн Блан. Моуриньог одоо Челси авахгүй нь тодорхой байх. Тэгээд ч том багт ирэх магадлал багассан. Арсене Венгер мэдээж ирэхгүй. Челси сонирхох ч үгүй. Антонио Конте одоо Абрамовичтой хамт ажиллахгүй. Ингээд энэ гурвыг хаслаа. Лопетеги Реал Мадридад бүтэлгүйтээд ажлаа өгсөн. Түүнийг авах уу? Зидан Реалд мундаг бүрэлдэхүүн дээр ирээд амжилт гаргасан. Гэтэл одоо Челсиг дахин босгох шаардлагатай байна. Зидан ирээд тохирох уу ? Лорен Блан менежерийн суудалд эргэж ирнэ гэсэн яриа лав алга.

Ажилтай байгааг нь бодох уу? Пеп Гуардиола, Юүргэн Клопп, Почетинно, Аллэгри, Симеоне, Эрнэсто Валвердэ энэ хэдээс хэн нь ирэх вэ ? Хэн нь богинохон хугацаанд амжилт хүлээдэг эзэнтэй, багахан төсөв гаргаж өгч байгаа, дээрээс нь хоёр наймааны цонхоор шинэ хүн авч болохгүй багт ирэх вэ ?

Лампард ирэх үү? Терри туслах нь болох уу? Зола эсвэл цаашид удирдах уу? Лампард, Золагийн хэн нь ч багийг удирдсан бай Сарригаас яаж илүү байх вэ? Дөнгөж менежерийн замналаа эхлүүлж байгаа Лампард ийм эрсдэлтэй ажлыг хүлээж авахгүй л болов уу. Мэдээж хүсч байгаа. Гэхдээ бэлэн биш. Хэн ч ийм эрсдэлтэй багт ирэхээс эмээх байх.

Наймааны эрхээ хасуулснаас болж Челси Сарриг шууд халж чадахгүй болсон байх вий. Үүнээс болоод Саррид итгэхээс өөр аргагүй болсон байж магадгүй. Угаасаа оронд нь шинэ хүн ирсэн ч хүссэн хүнээ авч чадахгүй шүү дээ. Дээрээс нь Эдэн Азар багаас явах магадлал их байгаа үед шинэ дасгалжуулагч ирээд яах билээ.

Зуны цөөхөн хэдэн хоног үлдсэн байхад Челсид ирсэн, цэнгэлдэхээ сайжруулах болсноор тачирхан төсөвтэй болсон, загнаад өгвөл нийлээд босдог тамирчидтай, богино хугацаанд амжилт гарга гэж зандардаг эзэнтэй, шинээр хүн авч болохгүй болсон багт “автобусыг бенз болгох мөрөөдөл өвөртөлсөн тамхи зуусан яхир өвгөн” лигийн цомоос атгаад алдаж, одоо хүртэл Аваргуудын лигийн эрх авчих боломжтой, Европа лигээ үргэлжлүүлсээр л байна.

Дахин бичье. Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх нийгмээс хамгийн дээр нь гэж Английн ерөнхий сайд Винстон Черчиль хэлсэн байдаг шиг Маурицио Сарри мундаг нь биш ч гэлээ одоогийн нөхцөл байдалд Челсид хамгийн зөв сонголт нь Сарриг үлдээх юм.

5

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

144.138.79.***Зочин   • 2 сарын 27. 18 цаг 39 минут

ямар их нуршиж бичдэг юм бэ. дараагаас дүү бодно байгаа.

203.91.115.**Зочин   • 2 сарын 27. 14 цаг 50 минут

Сайхан үндэслэлтэй нийтлэл бичсэнд баярлалаа.

112.72.8.***Зочин   • 2 сарын 27. 12 цаг 28 минут

хамгийн үнэмшилтэй сонсогдож буй нь Зола. Гэхдээ Сарри үлдэх болов уу. Сайхан мэдээлэл өгсөнд баярллаа.

64.119.24.***Зочин   • 2 сарын 27. 8 цаг 43 минут

Зайлуулж сураагүй биш. Сарриг зайлуулъя

103.229.122.**Зочин   • 2 сарын 26. 20 цаг 09 минут

Amjilt

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554176Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54816Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44277Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35821Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33570Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11459Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6676Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1659Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.