Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, тоймч

Р.ЭМҮЖИН

Нийтлэлч, тоймч ...

Нийт уншсан: 28672Нийт сэтгэгдэл: 8

Хагас зууны дараа "Хүрэн морь"-ийг хантайрав, хазаарлав, хайрлав, чи чадлаа, Эрдэнэбилэг ээ...

3-р сарын 6 | 9 цаг 29 минут

Зүрх сэтгэлээс яахын ч аргагүй төрсөн зарим бүтээлдээ яруу найрагч хүн харам байдаг. Хөгжмийн зохиолчид хөтлөөд аваачаад өгөхөөсөө ч эмээдэг. Яруу найраг, найраглал гэдэг өөрөө тийм яруу оршихуй, ялгуусан дээд урлаг юм. Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичсэн, магадгүй нулимс болоод гуниг, хайр болоод хатуужлаа шингээн байж шүлэглэсэн "Хүрэн морь"-ийг кино урлагт хөтлөөд ороод ирэх зориг жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгээс гарлаа. Ээжээсээ өнчирч, элгээ эмтэлж хоцорсон жаалхан хүү Лхамсүрэнгийн өнчрөл болоод ганцаардал, өсөрхөл болоод өөриймсөл, нулимсаа арчиж туулсан гашуун зовлон, нууцаа хувааж өссөн гайхам нөхөрлөлд нэвтрэх эрхийг тэр өөртөө өгчээ. Тэгэхдээ их зохиолчийн "Хүрэн морь"-д эр бие тэнцэж, их ухаан сорьж, эзэн нь болж, эрмэг хүлэгээр холыг туулахын тулд өөрийгөө шавхаж, өрөөлд ч бас өндөр шаардлага тавьжээ.

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст буюу 1962 онд төрж, 50 гаруй жил ард түмэн хайрлан уншсан, уран яруу хэллэг, ур ухаан хослуулан бүтээсэн "Хүрэн морь"-ийг хантайрч, хазаарлана гэдэг, халхын уудам нутгаар хурдална гэдэг, хайрлан суудаг хамаг ардынх нь өмнө жолоо өргөнө гэдэг барагтай аавын хүүгийн бариад авах, бараад давах ажил биш. Босвол босъё, унавал уная гэж бодлоо ташуурдаж, ухаанаа уралдуулж, чөдөр байваас тасдаж, чөмөг байваас дундалж байж л хийх ажил. Харин Эрдэнэбилэг чадлаа. Уургалахын дайтай уургалж, хантайрахын дайтай хантайрч, хайрлахын дайтай хайрлан байж "Хийморь" киногоо бүтээжээ. Түүний сэтгэлийн талд янцгаасан Хүрэн морь ганзагалаандаа утга гүн ухаарал, ухарч буцаагүй зориг, гурван улсын газар шорооны үнэр, гучин эрийн гуниг хийгээд хайрыг тээн иржээ. Нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан Эрдэнэбилэгийн хүрэн морь Лхамсүрэнгийнхээс арай өөр замыг, арай өөр бэрхшээлийг туулдаг. Гэвч энэ хоёр хүний эмээллэсэн хүрэн морьдын нутаг гүйсэн дуудлага, нумарч туулсан зам, нулимс унагасан шалтгаан адил юм. Эр хүн, эмээлт морь хоёр эрвэлзэж туулдаг, эргэцэж нөхөрлөдөг орчлонд цаг үе нь өөр хэдий ч адилхан л монгол эрчүүдийн зүрх сэтгэлээс төрсөн болохоор амгай зуузай харшуулахгүй гээд ч яахав. "Хийморь" киноны баг хамт олон, хөгжмийн зохиолч Оки, жүжигчин Тодгэрэл, Ялалт, бяцхан хүү Ариунболд нар гар, сэтгэл нийлэн ажиллаж, чухам уран бүтээлчдийн л мэдэх бахархал, омогшил, эвлэлдэн бүтээх их сэтгэлээр нэгдэн, зүрхээ нэгэн хэмнэлээр цохилуулж, сэтгэлээ нэгэн жаргал зовлонгоор амьсгалуулж чадсаны тод хийгээд том гэрч нь "Хийморь" байлаа. Магадгүй монгол, орос, казак уран бүтээлчдийг нэгтгэсэн шалтгаан нь монгол морь, морио хайрлах сэтгэл байсан биз ээ.

Морьтой холбоотой сэдвээр хийсэн, дэлхийд гарсан хүүхэлдэйн болон уран сайхны кинонд байдаг хэсэг энд ч бас бий. Гэхдээ би давтсан гэж хэлэхгүй. Учир нь ур, хийцийн хувьд давж давтсан байна билээ. Найруулагч ч өөрөө үүнийгээ мэдэж, амтагдаад байгаа бяраа харьцуулж харуулах гэж зориуд хийсэн болов уу. Ямартай ч Монгол кино "Хийморь"-оор нэгэн алхам урагшлав, нэгэн шат ахив, нэгэн шалгуур давав. Энэ утгаараа найруулагч Г.Эрдэнэбилэг мэргэжил нэгтнүүдийнхээ өмнө болон өөртөө шинэ босго тавьлаа гэдгийг зориуд хэлмээр байна. Сайхан байна, авъяаслаг, эрч хүчтэй, эрэмгий бардам ид үеийнхний бүтээлээр бахархаж суух урамтай байна. Чамаас болон нөхдөөс чинь илүү ихийг хүлээнэ, Эрдэнэбилэг ээ. Элдвийн шүүмж, эрээн сэтгэгдлийг хойш тавьж, энэ салбарт төрсөн шинэ киноны тухай ингээд нүүр бардам бичих өдөр ирдэг л юм байна, үүний чинь төлөө энэхүү нийтлэлийг их зорилгод чинь ивээс болгов. Монголын тал нутагт хурдалж буй хүлэг болгон, адууны захад өсч буй хүний үр болгон хийморьтой байг ээ.

Р.ЭМҮЖИН

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

13°C
Шөнөдөө 0° / Өдөртөө 14°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1388158Сэтгэгдэл: 542

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 42708Сэтгэгдэл: 56

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 38540Сэтгэгдэл: 40

У.ОРГИЛМАА Уншсан: 29925Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 28672Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10137Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4635Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1319Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.