Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих

Л.ОЮУ-ОД

Нийт уншсан: 39361Нийт сэтгэгдэл: 41

ААВ АА, ТА ХҮҮГИЙНХЭЭ ТОГЛОХЫГ ХАРАВ УУ ?

5-р сарын 31 | 20 цаг 00 минут

"Аав аа, өнөөдөр хүүгээ та харсан уу ? Хүү нь NBA-н финалд 32 оноо авлаа. Бүр 82 хувьтай довтоллоо ш дээ. Аваргуудын эсрэг. Тийм ээ, Голдэн Стэйт Ворриорсийн эсрэг. NBA-н финалын анхны тоглолтдоо 30 оноонд хүрсэн 4 дэх тамирчин боллоо. Эхний гурав нь Карим Абдул Жаббар, Хаким Олажувон, Тим Данкан нар гэнэ. Дэлхийн даяар хэдэн зуун сая хүн google дээр “Pascal Siakam” гэж бичиж хайж байна. Одоо дэлхий нийт таны мөрөөдлийг мэддэг боллоо. Чамо Сиакам гэж Камерун эрийн мөрөөдөл финалд хүүгээ авчирсныг...

Таны минь мөрөөдөл хүүгээ NBA-д тоглохыг харах байсан. Анх би арван зургаан настайдаа л сагсны бөмбөг барьж үзсэн. Тэр хүртэл Самуэл Это шиг л хөлбөмбөгчин болохыг хүсдэг байж билээ. Гурван ахыг сагсанд дуртай болохоор та нэг нь ядаж NBA-д орох байх гэж найддаг байсан. Надад найдаагүй байх тийм үү? Яаж ч найдах билээ. Этогийн өмсгөл өмсөж, бөмбөг өшиглөж гүйсэн жижигхэн хүүгээ хөл бөмбөгөөс өөр юм мэддэггүй, сагсанд сонирхолгүй болохоор христийн номлогч болгох гэж байсан шүү дээ. Хүү нь таныг дуртай байсан болохоор л өглөө бүр 5 цагт босч сүм ордог байсан болохоос өөрөө бол дургүй байсан юм шүү.

Найзуудыгаа дагаж “Хил хязгааргүй сагсанбөмбөг” төслийн баазад очоод анх удаа сагсанбөмбөг барьж үзсэн нь өнөөдрийн намайг бүтээсэн. Таны мөрөөдөл байгаагүй бол хүү нь тийшээ найзуудыгаа дагаж очихгүй байсан. Хүү нь өнөөдөр 32 оноо авахгүй байсан. Хүү нь өнөөдөр NBA-н аваргуудын довтолгоог блокдож, тэдний эсрэг займчин шидэж оноо авахгүй байсан. Америкт сагс тоглохоор 16 настайдаа дуртай дургүй очсон цагаас хойш би энэ спортод амжилт гаргахаар зориг шулуудсан. Таниас л болсон хэрэг. Гэхдээ 2014 оны 10-р сарын 23-нд миний спортод хандах хандлага бүр мөсөн өөрчлөгдсөн шүү дээ. Бас л таниас болж. Би эцсээ хүртэл энэ спортын төлөө бие, сэтгэлээ зориулахаар шийдсэн. Тэр өдөр коллежийн эхний улирлаа намайг эхлүүлэх гэж байхад ааваа та хорвоог эргэж харалгүйгээр орхин одсон. Яагаад вэ? Хүүгийнхээ NBA-н финалын цувралд хожил авчирсан тоглолтыг үзмээргүй байсан юм уу? Хүүгээ 82 хувьтай довтлохыг хармааргүй байсан юм уу? Хүүгээ Көрри, Томпсон, Казинсийн нийлсэн багийг хожихыг харахыг хүсээгүй юм уу?

Мэдээж хүссэн л байх л даа. Гэхдээ л хүүгээ энэ хүртэл явахыг мэдэлгүй аав минь та автомашины ослоор тэнгэрт хальсан. Тэгэхэд орныхоо дээр тавьчихсан байсан жижигхэн жаазтай зургийг тань хэдэн өдөр ширтэж уйлсан даа. Оршуулга дээр тань очиж чадаагүй хүүгээ уучлаарай, Аав аа. Би таныгаа хамгийн сүүлийн удаа хармаар байсан ч, энэ муу визнээс болоод чадаагүй. АНУ-г орхиод гарчихвал дахиж эргэж ирэх боломжгүй ч болчихож магадгүй байсан учраас хүү нь нулимсаа залгиад таныхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд таныгаа харж, үдэн гаргаж ч чадалгүй Америкт үлдэж бэлтгэлээ хийсэн.

Таниасаа хойш хүү нь их хичээсэн. Таныг өөд болсон жил би бүсийнхээ коллежийн улирлын шилдэг нь болсон шдээ, аав аа. Дараа жилийнх нь зун би NBA-н драфтад нэрээ өгсөн. Хүмүүс намайг сонгогдохгүй ч байж магадгүй гэж байсан ч ааваа таны тэнгэрээс зүүдэнд минь хэлсэн шивнээ намайг нэрээ өгөхөд хүргэсэн байх. 27-р сонголтоор Адам Силвэр миний нэрийг дуудахад хүү нь өөрийнх эрхгүй өр эмтрээд, асгараад л явчихсан. Хүү нь таныхаа мөрөөдлийг тэгэхэд биелүүлж NBA-д орсон. Тэгээд ч амар байгаагүй ээ. Эхний жилээ тоогдсонгүй. Сагсанбөмбөгөө больё ч гэж бодсон. Гэхдээ аав аа, таныхаа мөрөөдлийг бүр ахиулах зорилго намайг өглөө эртлэн босч биеэ дайчлахад хүргэсэн. Хүү нь D лиг руу, доод лигт тоглосон ч гэлээ тэндээ түрүүлж, Финалынх нь MVP болоод буцаад NBA-дээ ирсэн шүү. Одоо хүү нь NBA-н финалын цувралд багтаа хожил авчирлаа. Одоо хүү нь Торонто Рэпторсийн сайн тамирчдын нэг болсон. Одоо хүү нь зорилгынхоо төлөө тууштай тэмцвэл бүх зүйл боломжтойг харуулсан нэг жишээ боллоо. Таны л мөрөөдөл намайг энд хүргэлээ.

Би бусад шиг төрөлхийн авьяастай биш ээ. Би Майкл Жордан болохгүй. Би Кайри Ирвинг шиг залж чадахгүй. Би Стэфэн Көрри шиг шидэгч болохгүй. Би Лэброн Жэймс шиг дэлхийг байлдан дагуулагч нэгэн болохгүй. Би зүгээр л “Аавынхаа мөрөөдлийг биелүүлж байгаа хүү”. Түүгээрээ л үлдмээр байна.

Аав аа, өнөөдөр хүүгээ та харсан уу ? Хүү нь NBA-н финалд 32 оноо авлаа. Бүр 82%-тай довтоллоо ш дээ. Аваргуудын эсрэг. 7 тэрбум хүний ядаж 1 тэрбум нь үзсэн байх аа. Би тэрбум хүнд харуулах гэж тоглоогүй ш дээ. Би аавдаа л харуулах гэж тоглосон. Би нэг тэрбум хүнд биш нэгхэн хүнд л энэ тоглолтоо үзүүлэх гэсэн юм. Би ганцхан тандаа л үзүүлэх гэсэн юм. Ааваа та өнөөдөр хүүгээ харсан уу ? Тэнгэрээс ... ?"

Өнөөдөр NBA-н финалд Торонто Рэпторсыг хожил авахад чухал үүрэг гүйцэтгэсэн Паскал Сиакамын хувийн амьдралын үнэн баримтуудыг оруулан, өөрийн сэтгэмжээр зохиож бичлээ. Нэг ч худал баримт үгүй болно. 

1

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.**Зочин   • 6 сарын 2. 11 цаг 41 минут

Mundag bsan

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420047Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46861Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39361Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31168Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29449Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4995Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.