Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих

Л.ОЮУ-ОД

Нийт уншсан: 44275Нийт сэтгэгдэл: 44

ДАЛАЙН МЭЛХИЙНҮҮДЭЭ, СПОРТОО ТАЙЛБАРЛАНА ШҮҮ!

9-р сарын 24 | 17 цаг 37 минут

“Харваагүй байхад мэргэн олон, барилдаагүй байхад бөх олон” гэгчээр үзэгчид маань олон ч жил хэдэн тайлбарлагчдаа шүүмжилж, доромжилж байна даа. Хийж үзвэл бас л сонин ажил. “Буруу зөрүү ярилаа”, “Дууг нь хаачихмаар лүд”, “Багаа дэмждэг бүтэхгүй ***” гээд л шүүмжилнэ. Нэг талаар бас арга ч үгүй юм шиг. Хааяа бас өөрийнхөө тайлбарласан тоглолтыг дараа нь телевизээр сонсохоор дотор нь ороод өөрийгөө чангахан алгадаад авмаар санагдана. Тиймээс тайлбарлагчид муу байдаг уу гэвэл тийм гэж би хариулна. Нөгөө талаас нь бодоод үзэхээр “Хнн, үхсэн нохойн оцгор. Сурч боловсрох сургалт, сургууль ном нь Монголд байсан биш” гэж бодно. Ганц өмөөрөх шалтгаан нь энэ. Мэргэжлийн сургах сургууль ном, заах арга, багш ч гэж үгүй. Байсан ч би эргэлзэнэ. Гэхдээ л нөхцөл байдал нь байхгүй юм чинь гээд хумсаа мэрээд суултай биш дээ. Сайжруулах гээд л тайлбарлагчид нь хувь хувьдаа, телевизүүд нь дор дороо үзэж тарж л байна.

Тамирчид, дасгалжуулагчид тухайн спортынхоо анализ хийх ёстой. Үүнийг сая биеэрээ ойлгов. “Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй, далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй” гэж үг бий. Тайлбарлаж, ярьж буй тамирчдынхаа хэмжээнд биш гэх нь ээ дөхсөн төвшинд тоглож, ажиллаж байсан хүмүүс л яг юу болж байгааг мэдэрч, ойлгож, ярьж чадна. Тийм ч учраас дэлхий нийтэд спортын тайлбар, анализийг мэргэжлийн төвшинд тоглож байсан, дасгалжуулж байсан хүмүүс нь хийдэг биз. Анх хөлбөмбөг тайлбарлаж эхэлсэн цагаас хойш л миний сул тал энэ байсан учраас өөрийгөө цаашид спортын тэр дундаа хөлбөмбөгийн тайлбар хийх ёсгүй гэж боддог юм.

Сая сагсанбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны онцгой эрхийг NTV телевиз авч, энэхүү төсөл дээр ажиллав. Тайлбарлагчдын багаа бүрдүүллээ. Өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV телевиз мөн шууд дамжуулсан. Дамжуулах дамжуулахдаа өмнөхөөс өндөр төвшинд хүргэсэн учраас энэ удаа ч өмнөхөөс илүү байх ёстой байлаа. Өмнөх сагсны ДАШТ-с илүү болсон эсэхийг хэлж мэдэхгүй ч гэлээ өмнөхөөсөө өөр хийсэн гэж хэлж чадна. Тайлбарлагчдын багийн зорилго энэ удаа “Мэргэжлийн” гэсэн үгэн дээр тогтохоор боллоо. Мэргэжлийн агаад телевизээр ярьж чадах хүн хэн байна гэсэн асуулт гарч ирэв. Мэдэх нэг өөр хэрэг боловч мэдэж буйгаа хүргэж ярина гэдэг тэс өөр хэрэг. Ямар ч байсан мэддэг байхад ярьж сурах боломжтой. Гэтэл дасгалжуулагч гэдэг өөрөө завсарлагын богинохон хугацаандаа товч бөгөөд тодорхой дараагийн хэрэгжүүлэх тактикаа тамирчиддаа ойлгуулж эсхүл тамирчдынхаа урам зоригийг сэргээж чадах ганцхан өгүүлбэр шидэж өгч чадахыг шаарддаг ажил аж. Тиймээс дасгалжуулагчид телевизээр ярьж чадах нь гарцаагүй. Харин тамирчид өөр хэрэг. Бүх тамирчид дасгалжуулагч болж чаддаггүй нь харилцааны чадвар, ярианы чадвараас өгсүүлээд олон зүйлээс болдог биз. Азаар аль хэдийн бэлтгэгдсэн телевизээр ярьдаг тамирчин Монголд бий. Гэвч эд бүгд “Мэргэжлийн” гэх зорилгыг биелүүлж чадах авч нөгөөтээгүүр телевиз бол үзүүлэх урлаг билээ. Тиймээс телевизийн туршлага ч хэрэгтэй.  

Ингээд баг маань:

  • СПС, Спортбокст 6 жилийн турш NBA тайлбарласан, өсвөр насандаа шилдэг холбогч явсан Б.Төмөр
  • 3х3 тайлбарлагч, олон ч лиг зохион байгуулсан туршлагатай  Ө.Мөнхчулуун
  • МУ-ын шигшээ багийн ахлагч, хоёр лигт түрүүлснийг нь тоолбол миний бичвэр дуусахгүй байж мэдэх ОУХМ Г.Баттөр
  • МҮСБХолбооны 2 удаагийн аварга, Монголын лигт танигдсан дасгалжуулагч А.Алтан-Очир
  • Өнгөрсөн улиралд МСБХолбооны дээд лигийн аварга болсон Алдар Танан Гарьд багийн ахлах дасгалжуулагч, Германд энэ чиглэлээрээ боловсрол эзэмшсэн дасгалжуулагч Ч.Ижилболд
  • МУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан, Куба улсад мөн энэ чиглэлээрээ боловсрол эзэмшсэн, Монгол HD-н хөтлөгчөөр нь хүмүүс их таних Б.Мандуул нэмэгдээд би ороод ийнхүү баг бүрдлээ. (Сүүлд тэмцээний үеэр шигшээн тамирчин Болортулга, манай залуу тайлбарлагч Цэндбаяр нэмэгдсэн)

(Жич: Нэмээд Баттөр – Орос, Англи (Слав хэлнүүдыг бараг бүгдийг нь гэсэн), Алтан-Очир – Орос, Англи, Төмөр – Англи, Ижилболд – Герман, Мөнхчулуун – Солонгос, Мандуул – Испани гээд бүгд л өөр өөр хэлээр дасгалжуулагчдын хэлж ярьж байгааг шууд орчуулж чадах байсан нь манай багийн давуу тал байлаа).

Бидний баг NTV телевизийн хоёр суваг болох NTV, ONTV мөн Star телевизүүдэд зэрэг тайлбарлах байсан учир тийнхүү телевизэд тайлбарлаж байсан туршлагатай 3 хүн болоод 1 тамирчин, 3 дасгалжуулагчаас бүрдсэн хэрэг. Аливаа спортод (миний мэдэхээр хөлбөмбөгт) 1-р тайлбарлагч тоглолтын үйл явцыг ярьж, эмоци гаргаж, чиглүүлж явдаг бол 2-р тайлбарлагч тухайн болж буй үйлдлийн цаад ухагдахуун, шалтгаан, анализийг хийдэг нь дэлхийн жишиг. Жишээлбэл гоол орсон бол 1-р тайлбарлагч эмоци гаргаж, 2-р тайлбарлагч энэхүү гоол яагаад, яаж орсныг тайлбарладаг билээ. Тиймээс Мөнхчулуун, Төмөр бид гурав тоглолтын үйл явц ярьж бусад маань 2-р тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэх ёстой байлаа.

Таван жил хөлбөмбөг, хааяахан нэг сагсанбөмбөг тайлбарлах хугацаандаа хамтран тайлбарлагчтайгаа зэрэгцэн ярьж байсан уу гэхээс хажууд нь шавь шиг нь сонсож суусан нь надад бараг үгүй биз. Сагсанбөмбөгийн ДАШТ гэхээр хөлбөмбөг биш сагсанбөмбөг тоглож хүүхэд насаа өнгөрөөсөн над шиг хүний хувьд бөөн олз санагдсан юм, уг нь. Сэлгээнд банз халаасаар сагсанбөмбөгөөр дүүргийн аварга болж байсан би халуун банзныхаа ачаар сагсанбөмбөгийн тоглолтыг хажуунаас илүү ойлгож харах гэж хичээдэг байлаа. Тиймээс ч сагсанбөмбөг нь надад илүү ойрхон байв. Ингээд ДАШТ эхэллээ. Эхний хэдэн өдөр Алтан-Очир, Ижилболд, Мандуул, Баттөр гээд хамт тайлбарласан тоглолт бүртээ би дагуулах биш намайг дагуулж ярьсаар таарав. Сүүлдээ ивээн тэтгэгчийн уриа үгээ л ягштал хэлдэг хүн болж хувирлаа.  “Шууд дамжуулалтын ивээн тэтгэгч Unionpay – your way” (Way гэдэг үгэн дээр өргөлттэй их гоёор дуудна. Бас Худалдаа Хөгжлийн банк, SS Garden, Skytel ч гэсэн ийм үгтэй) Юу болов ? Хажуудах дасгалжуулагч, тамирчныхаа тухайн тоглолтын жижиг үйл хөдлөл эсвэл багийн хувилбарыг нь тайлбарлах яриаг сонссоор “хамтран тайлбарлагч” биш “хамгийн ойрын үзэгч” болж хувирав. Эндээс би “худгийн мэлхий”-гээ ойлгов. Мэдээж тайлбарлагч болгон л тухай спортоороо тодорхой хэмжээнд хичээллээд үзсэн л байдаг. Тиймээс наад зах нь худгийн мэлхий байж л тайлбарлана. Харин "Далайн мэлхий" цөөхөн билээ. Далайн мэлхийнүүдийн ДАШТ болж байхад далайн мэлхий л тайлбарламаар байдаг. 32 багийн 384 “Далайн мэлхий” БНХАУ-д “Далайн” АШТ-д ирсэн байлаа. Далайн мэлхий л далайн амьдралыг мэднэ. За болъё. Ядаж “Нуурын мэлхий” дөхүүлнэ. Худгын мэлхий яагаад ч амжихгүй. Ядаж гуаглахаасаа эхлээд ойлгохгүй.

Азаар манай тайлбарлагчдын багт Монголын далайн мэлхийнүүд байв. Мандуул 2014 оны Инчёны Азийн наадмаар Эмэгтэй шигшээг дасгалжуулж байсан. Азийн шилдгүүдтэй нэг тавцанд өрсөлдөөд үзсэн дасгалжуулагч. Шигшээн ахлагч Баттөр 2014 оны Инчёны Азийн наадмаар МУ-ын шигшээ түүхэн амжилтаа үзүүлж шөвгийн 8-д шалгарахад шилдгүүдийн нэг нь, ахлагч нь байсан. Энэ ДАШТ-д орсон Азийн бүх багтай тэр тоглоод үзсэн хүн. Тэгж ярьвал 2014 оны Инчёны Азийн наадмаар Монгол Йорданыг хожиход манай Билгүүнд хуурагдаад шал арчин унасан залуу энэ жил ДАШТ-д Йорданд гялалзлаа. Тэгэхээр чинь манайхан энэ ДАШТ-ий тамирчид шиг “далайн мэлхий” байгаа биз дээ ? Алтан-Очир, Ижилболд бас л тус тусдаа ОУ-ын тэмцээнүүдэд дэлхий, азийн шилдэгүүдийн эсрэг баг дасгалжуулаад тоглоод үзсэн хүмүүс.

Харин яаж далайн мэлхий болох вэ ? Ядаж нуурын ? Над мэтийн дүүргийн аваргаас цаашгүй нөхөд бол худгынх. Монголын спортуудын улсын аварга, дээд лигүүдэд тоглосон бол “Нуурын мэлхий”. Монголын шигшээ багийн төвшнийх бол Монголдоо “далайн мэлхий” гэмээр ч юм уу. Харин нэгэнт нуурын юм уу далайн мэлхий болсон бол телевизээр “гуаг”-лах бол сурч болох ажил. Жаахан авьяастай далайн мэлхий бол бүр амархан сурна. Тиймээс цаашдаа манай нуурын болоод далайн мэлхийнүүд телевизийн салбар луу орж ирээсэй. Тэд маань телевизээр, эфирээр сайхан гуаглаж сураасай. Худгийн мэлхий гоё гуаг-лавч, далайнх шиг гуаг-лаж чадахгүй шүү дээ. Манай тайлбарлагчдын багийн “Далайн мэлхийнүүд” тэмцээний 16 хоногийн турш өдөр бүр телевизээр 5, 6 цаг ярьсаар сүүлдээ эвээ олж, илүү үзэгчдэд ойлгомжтой гуаг-ладаг болсон билээ. Мэддэг юмыг ярьдаг болох бол сайжруулж болох. Ярьдаг ч мэдэхгүй бол мэднэ гэдэг ... Яахав болно байх. Гэхдээ удаан хугацааны ажил. Тиймээс "Мэддэг далай, нуурын мэлхийнүүд ээ, телевизээр цаашдаа тайлбарлаж, гуаглана шүү та хэд!" 

Тэгж байж л телевиз үзэгч хүүхдүүд сул шидээд алдсан тамирчныг шүүмжлэх биш тэр тамирчинг суллаж чадсан багийн хувилбарыг биширч, ойлгодог болох юм.

Далайн мэлхийнүүд ээ, та нар ирээдүйн тайлбарлагчид ! Далайн биш юм аа гэхэд нуурын мэлхийнүүдээ та хэд телевизээр гуагладаг болоорой! Энэ л спортын тайлбарыг Монголд ахиулж чадах том алхам юм шүү! Энэ жилийн сагсанбөмбөгийн ДАШТ тийм дохио өгсөн гэж найдаж байна. Телевизийн туршлагатай багатай хүмүүсээр тайлбарлагчдын багаа бүрдэхийг зөвшөөрсөн NTV телевиз ч энэхүү дохиог өгөх эхний алхмыг хийж өгсөнд баярлах юм. Телевизүүд "Мэргэжлийн далайн мэлхийнүүд"-ийг цаашдаа угтан авах биз ээ.

3

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.***Зочин   • 9 сарын 24. 23 цаг 37 минут

Мандуул , Ижилболд , Алтаночир , Баттөр нар сайн ажилласан шүү. Харин нөгөө хэд бүтэхгүй ээ. Оюу-Одыг уг нь дажгүй залуу гэж боддог байлаа. Мэлхийнүүдээ гуаглаарай ч гэх шиг. Ажил хийсэн бол битгий ялархаад байгаарай.

66.181.186.**Зочин   • 9 сарын 24. 19 цаг 18 минут

Тайлбарлагчдын баг сайн байсан шүү. Оюу -Од дүүд амжилт хүсье.Цаашдаа улам хичээгээрэй.

202.179.8.***Зочин   • 9 сарын 24. 18 цаг 00 минут

ижилболд, алтан-очир, мандуул 3-ын тайлбар бол үнэхээр саак байсан. сагс мэдэхгүй тоглодоггүй хүн ч тоглохоор хэмжээнл тайлбарлаж чадсан гайхалтай мундаг байсан шүүв

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554127Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54811Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44275Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35817Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33568Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11457Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6676Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1659Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.