Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих

Л.ОЮУ-ОД

Нийт уншсан: 45157Нийт сэтгэгдэл: 44

Уйлдаг эр хүн болгож өгөөч ?

Ярьж ч чадахгүй явсаар уйлах дээрээ хүрээд, уйлж ч чадахгүй явсаар үхэх дээрээ хүрээд байна.

10-р сарын 14 | 19 цаг 10 минут

“Эр хүн уйлдаггүй юм” гэдэг үгийг хэн зохиосон байна аа, ер нь. Лав л “эр хүн” болоход “уйлдаггүй” гэх ганцхан шалгуурыг давахад л болчих юм шиг байна. Гэхдээ худлаа байлгүй дээ, цөг гэм. Амьдралдаа ер нь уйлж үзээгүй хүн байна уу ? За нялх бага насыг болъё. Насанд хүрснээсээ хойш нулимс унагаж... үгүй гэх нь ээ ядаж нүд нь чийгтэж үзээгүй амьд босоо ороолон гэж байх аа ? Байвал гарах ёстой нулимс нь бөөгнөрч цээжиндээ үлдээд лав л 20 литрийн канистра дүүрсэн байж таарна.

20 литрийн канистра дүүрэн ус бариулаад газарт хүргэхгүй өргө гэвэл хэр удах бол ? Дээрээс нь ус нэмж хийгээд ? За ямар ч бяртай хүн нэлээд хэдэн цаг өргөлөө гэж бодоход цуцаж таарна даа. Тэгээд газарт тавьж таарна даа, асгаад ч юм уу. Газарт хүргэхгүй байя гэвэл талыг нь юм уу ганц хоёр литрийг нь асгаад байхад учиртай. Бариад зогсоод дөнгөж мэднэ. Огтоос асгахгүй гүрийсээр байвал “цүлх” гээд газарт нэг алдаж л таараа.

Тэсгэл алдаад амьтайгаа хамт газарт хаях юм. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн захирал Баярмаагийн ярилцлагыг уншлаа. Эрчүүд эмэгтэйчүүдээс 5 дахин илүү амиа хорлож байна гэнэ ээ. Амиа хорлолтын эрэгтэй, эмэгтэйн харьцаа 5.2:1 гэнээ Монголд (WHO, 2015). 6 амиа хорлолтын 5 нь эрэгтэй гэсэн үг. Дэлхийд болохоор 1.7:1 гэсэн харьцаатай (WHO, 2015). Нийгэм стресстэй, хэцүү хүнд байж болно. Монголд 100,000 хүнд 28 амиа хорлолт тохиодог гэнэ. Дэлхийд энэ тоо 10.7 гэнэ. За яахав. Нийгмээсээ хамаараад амиа хорлолт их байж болно оо. Дэлхийд 3 амиа хорлолт тутмын 2 нь ч эрэгтэй хүн чүү айтай ч хүрээгүй байхад Монголд болохоор 6 амиа хорлолтын 5-г нь эрэгтэйчүүд элбэгхэн...

Дэлхийд 3 амиа хорлолт тутмын 2 нь ч эрэгтэй байхад Монголд 6 амиа хорлолтын 5-г нь эрэгтэйчүүд...

Амьдралаа авч үүрч явах ёстой гэдэг эрчүүд нь 6 амиа хорлолтын 5 нь байх даа яахав дээ. “Эр хүн уйлдаггүй” гэх сургаалийн үр дүн энэ үү. Уйлчихаж ч чадахгүй, уйлахаар эр хүнээ байгаад хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болчих гээд болдоггүй... Тэгэхээр чинь яах юм. Хорин литрийн канистра дүүрэн сэтгэл гутралаа үүрч явсаар байгаад сүүлдээ дийлэхээ болиод газарт амьтайгаа хамт хаях юм. Хорин литрээсээ хоёр гурвыг нь хоёр циймрээрээ асга л даа. Асгах боломжийг нь олго л доо.

Монголд дундаж наслалт эрэгтэй нь 66, эмэгтэй нь 76 (ҮСХ, 2018). Дэлхийд болохоор эрэгтэй нь 70.2, эмэгтэй нь 74.7 (data.worldbank.org, 2017). Дэлхийд эрэгтэй эмэгтэй дундаж наслалтийн зөрүү 4.5 байхад Монголд 10 байх юм. Уг нь энэ зөрүү өмнө нь Монголд арай бага байж. 2000 онд эрэгтэй 60, эмэгтэй 66 гэхээр зөрүү нь 6, 2010 онд эрэгтэй 65, эмэгтэй 72 гэхээр зөрүү нь 7. Одоо бүр 10 болчихож. Дэлхийд 2000 онд зөрүү нь 4.4 нас, 2010 онд бас 4.4 хамгийн сүүлд 2017 онд зөрүү нь 4.5 (data.worldbank.org, 2017).

Дэлхийд эрэгтэй эмэгтэйн дундаж наслалтын зөрүү 4.5 нас, Монголд энэ зөрүү 10.

Хүмүүсийн дундаж наслалт дэлхийд эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ялгаагүй ижилхэн өсөөд байхад Монголд болохоор сүүлийн 17 жилийн дотор эмэгтэйчүүдийн дундаж наслалт 10-р нэмэгдсэн байхад эрэгтэйнх 6-р л нэмэгдсэн байх юм аа. “Аав минь ханхайсан эр, юу ч хэлж байсан чимээгүй дуугай, хааяахан амнаас нь үг унахаар чангахан тусдаг хүн байсан” гэдэг чинь тэгээд зөв ч юм уу буруу ч юм уу. Бас л хорин литрийн канистраасаа ганц хоёрыг ч атугай асгамаар л байдаг байсан байлгүй. Асгах гэхээр эр хүн байхаа больчих юм чинь яалтай.

Боловсрол, ажилгүйдлийн тухай бичээд хэрэггүй биз. Ерөнхийдөө дэлхийгээс бол угаасаа дутуу. Мастерийн зэрэг горилож буйгаараа дэлхийд эмэгтэй 4:3 эрэгтэй байхад Монголд эмэгтэй 6:3 эрэгтэй гэсэн харьцаатай. Ажилгүйдлийн тухай ч дурьдаад дэмий биз. Ядаж эмэгтэйдээ харьцуулахаа болиод зүгээр л дэлхийн эрэгтэйчүүдтэй харьцуулахад хүртэл өвчлөл нь их. Түрүү булчирхайн үрэвсэл эрчүүдийн дунд дулаан орнуудад 35% хүртэл, хүйтэн орнуудад 70% хүртэл байдаг гэнэ. Гэтэл Монголд бас л их буюу 80% байх юм. Хүйтэн орон л доо. Хүйтэн орнуудын эрэгтэйчүүдийн 70% нь түрүү булчирхайн үрэвсэлтэй байхад Монголд 80% гэдэг нь яаж байгаа юм бэ. Ядаж хүйтэн орнуудын дундажаа баръя л даа айн ! Энэ өвчний гол шалтгаан нь доороосоо даарах. Ядаж доогуураа дөмөгхөн шиг дотуур өмд л өвөлдөө өмсчихөж чадахгүй байна шүү дээ. Багаас нь ядаж хүйтэн үед дулаалахгүй бол үүсч болох эрсдэл, өвчлөлийн тухай ойлгуулмаар байдаг.

Дахиад нэг сэдвийг татан оруулж ирвэл хүчирхийлэл. 3 эмэгтэй тутмын 1 нь бие махбод эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааг Жендерт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгааны тайланд (2017 он) бичжээ. 3 эмэгтэй тутмын 1 нь шүү дээ. 15 наснаас өмнө 10 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. 15 наснаас хойш эмэгтэйчүүдийн 17.3% нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх мэт. Хэн энэ хүчирхийллийг үйлдээд байгаа юм ? Хорин литрээсээ хөнгөлөх газар олдохгүй байхаар нь канистраараа хажуудах эмэгтэйгээ нүдээд байдаг юм уу яадаг юм ? За тэгээд ойр ойрхон л аймар хэрэг дуулдаж тэрэндээ бүр хэдүүлээ дасал болжээ дээ янз нь. Уг нь ёстой л “Эр хүн” л юм бол “Хэвлийнээсээ хүн унагадаг хүн”-д гар хүрэх сэдэл төрмөөргүй юм. Эр хүн уйлдаггүй гэж сургадаг юм бол “эр хүнд гар хүрдэггүй” гэж сургаач ?

Их Британийн Эрүүл Мэндийн сэтгүүлийн судалгаагаар ямар нэгэн эрүүл мэндийн асуудал тохиолдсон бол эрэгтэйчүүдийн эмч дээр очих нь эмэгтэйчүүдийнхээс 32%-иар бага байдаг гэнэ. Их Британид тийм байгаа юм чинь Монголд бол бүүр олон “ханхар сайхан, үг дуу цөөтэй” эрчүүд маань чимээгүй өвдөөд л 20 литрийн канистраа бариад гудамжаар алхаж яваа даа.  

“Эр хүн шиг бай”, “Эр хүн уйлдаггүй юм” гэх мэтээр “Эр хүн”-ий тухай ойлголтыг их сонин тодорхойлолтоор багаас нь нүдсээр байгаад л “Уйлдаггүй эрчүүд” чинь сэтгэл гутралд гүн ороод байна. Уйлах уйлахгүйдээ биш л дээ. Сэтгэл гутралаас гарах гол зам нь ойр дотны хүмүүстэйгээ чөлөөтэй ярилцах. Уйлж ярь гээгүй. Ярьж ч чадахгүй явсаар уйлах дээрээ хүрээд, уйлж ч чадахгүй явсаар үхэх дээрээ хүрээд байна. Өсвөр насны хөвгүүд гэлтгүй эрчүүдэд өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлвэл сул доройн илрэл гэсэн ойлголт байгаад байна. Доороо юм унжуулаад төрчихсөн “Эр хүн” юм болохоор уйлчихаж ч болдоггүй, “Эр хүн” юм болохоор даарчихаж ч болохгүй, “Эр хүн” юм болохоор “Сайн эхнэрийг тоосыг сардаа ганц удаа гөвдөг”, “Эр хүн” учраас хорин литрийн канистраасаа хоёр гуравхан ч дусал гойжуулахгүй тэвэрсээр хорвоогоос өнхөрөөд өгдөг эрчүүд байгаад байна уу даа.

Аав ээж нь хөвгүүдээ ойр дотнынхонтойгоо чөлөөтэй сэтгэлээ уудалж ярилцаж чаддаг “Уйлдаг эр хүн болгож өгөөч ?” Тийм эр хүнийг бүтээж өгөөч ? Амраг хайрт найз нөхөд нь эр хүнд сэтгэлээ онгойлгох боломжийг нь олгооч ? Хүйтэн цагт биеэ тордож дулаан явахыг хэлж өгөөд, хэцүү үе тохиовол сонсож хуваалцаад, хүсэл нь байвал сургууль соёлд нь үргэлжлүүлж сургаад, энхрий хайртай охин ээнэгшиж дассан эхнэрээ анх гуйж, гүйж явсан шигээ хайрлаад явдаг хүнийг “эр хүн” гэж сургаач ?

“Уйлдаг эр хүн болгож өгөөч ?”

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-12°C
Шөнөдөө -26° / Өдөртөө -12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1583353Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55600Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45157Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36568Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34479Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11605Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7121Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1252Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.