Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР

Хүний их эмч ...

Нийт уншсан: 1254Нийт сэтгэгдэл: 0

УУШГИНЫ ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

11-р сарын 6 | 13 цаг 41 минут

Бид утаа арилсан арилаагүй, сайжруулсан шахмал түлш хортой хоргүй талаар маргалдсаар өвлийн эхэн сартай золголоо. Энэ удаагийн нийтлэлээр агаарын бохидолоос шалтгаалан үүсдэг олон эмгэгүүдийн нэг, бас хамгийн аюултай нь болох уушгины хорт хавдарын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх боломжуудыг танилцуулахаар зорилоо.

1990-ээд оны үед дэлхий дахинд нэг жилд дунджаар 1 сая гаруй уушгины хавдар оношлогдож, 1 сая орчим уушгины хорт хавдараас шалтгаалсан нас баралт бүртгэгддэг ба энэ нь нийт хорт хавдарын 12.8%, хорт хавдарын нас баралтын 17.8%-ийг дангаараа эзэлдэг, уушгины хорт хавдартай өвчтний 5 жил амьдрах магадал 10%-аас бага байжээ. АНУ-ын Хорт хавдарын нийгэмлэгээс гаргасан тайлангаас авч үзвэл тус улсад 2018 онд 224390 (эрэгтэй 117920, эмэгтэй 106470) уушгины хавдарын шинэ тохиолдол бүртгэгдэж, 158080 (эрэгтэй 85920, эмэгтэй 72160) хүн уушгины хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд хорт хавдарын шалтгаант өвчлөл, нас баралтын тэргүүлэх 4 хавдарын нэг болж байна. Европд ялангуяа зүүн Европын орнуудад мөн л хорт хавдарын шалтгаант өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болдог бөгөөд 2000 онд Европд нийт 375000 (эрэгтэй 303000, эмэгтэй 72000) шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 347000 (эрэгтэй 280000, эмэгтэй 67000) нас баралт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл уушгины хорт хавдар нь дэлхий нийтэд хамгийн өргөн тархалттай өмөнгийн нэгд зүй ёсоор тооцогддог төдийгүй уушгины хорт хавдарын нэг онцлог нь эмчилгээний үр дүн муутай, нас баралт өндөр байдаг нь дээрхи тоо баримтуудаас тодорхой харагдаж байна.  

Иймээс уушгины хорт хавдарын урьдчилан сэргийлэлт, тухайлбал уушгины хорт хавдарын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох зэрэг хувь хүн болон нийт хүн амд чиглэсэн анхдагч болон хоёрдогч урьдчилан сэрийлэлтийг хөгжүүлэх, боловсронгуй болгох нь дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Уушгины хорт хавдарын голлох шалтгааны дотор тамхидалт, агаарын бохирдол, хөдөлмөрийн болон орчны эрүүл ахуй голлох байрыг эзлэх боловч нас, хүйс, арьс өнгөний байдал нилээд нөлөөлдөг байж болохоор байна. Жишээлбэл АНУ-д хийгдсэн судалгаагаар эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдэд, цагаан арьстан иргэдээс илүү хар арьст иргэд илүү өрмөмтгий байдаг бол зарим үндэсний цөөнх угсаатанууд болон Ази гаралтай хүмүүсийн хувьд хар болон цагаан арьстнуудаас бага эрсдэлтэй болох нь тогтоогджээ.

Уушгины хорт хавдарын голлох шалтгааныг төрөл бүрийн тамхины хэрэглээтэй холбон тайлбарлаж байна. 50-аад оноос хойш цагаан арьст эмэгтэйчүүдийн дунд уушгины хорт хавдарын нас баралт 600%-аар нэмэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн 2-р дайнаас хойш эмэгтэйчүүдийн дундах тамхины хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тамхи татдаг эрэгтэй хүний уушгины хорт хавдараар өвчлөх харьцангуй эрсдэл нь тамхи татдаггүй хүнээс 10 дахин их, амьдралынхаа туршид өдөрт 20 тамхи татдаг хүний уушгины хорт хавдараар нас барах эрсдэл нь тамхи татдаггүй хүнээс 22 дахин их, өдөрт 41 тамхи татдаг хүний уушгины хорт хавдараар нас барах эрсдэл нь тамхи татдаггүй хүнээс 45 дахин их байдаг байна. Түүнчлэн уушгины хорт хавдар үүсэхэд тамхи татаж эхэлсэн нас, тамхинд агуулагдах никотины хэмжээ, шүүлтүүрийн шинж чанар гэх мэт олон хүчин зүйлс чухал нөлөөтэй болох нь тогтоогдсон.

1970-аад оны үеэс зөвхөн тамхины хэрэглээнээс гадна дам тамхидалт уушгиын хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг талаархи анхны санааг судлаачид дэвшүүлж, 1980-аад оны үед хэд хэдэн том судалгаа хийгдсэний үр дүнд 1986 онд энэхүү санаа нь бүрэн нотлогджээ. Эдгээр судалгааны үр дүнгээс авч үзвэл тамхи татдаг эрэгтэйтэй гэрлэсэн эмэгтэйн уушгины хорт хавдараар өвчлөх магадлал нь бусад эмэгтэйчүүдээс 20 дахин их байх бөгөөд эрэгтэйчүүд өдөрт 2 хайрцаг тамхи татдаг бол эхнэр нь уушгины хорт хавдараар өвчлөх эрсдэл 1.9 дахин их байдаг байна. Мөн АНУ-ын Орчны аюулгүй байдлын агентлагийн судалгаагаар нийт уушгины хорт хавдарын тохиолдолуудын 2000-4000 нь дам тамхидалттай холбоотой гэж үзжээ.

Уушгины хавдарын голлох шалгаануудын нэг нь цөмийн үйлдвэрлэлийн явцад ураны боловсруулахад үүсдэг радон хэмээх инертийн хий, ажлын байранд хавдар үүсгэгч хүчин зүйлс болох арсени, асбест, хром, никель болон түүний нэгдэлүүд, винил хлорид зэрэг бодисууд багтана. Эдгээр нь гадаад орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдолоор дамжих амьсгалын замаар биед нэвтэрч хавдар үүсгэдэг болох нь нэгэнт тогтоогджээ.

Уушгины хорт хавдартай өвчтөний амьдрах боломж бага, өвчлөл, нас баралт нь ойролцоо байдаг нь уг эмгэгээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх буюу анхдагч урьдчилан сэргийлэлт чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Тамхины найрлагад 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 60 орчим нь хавдар үүсгэгч хүчин зүйл болдог байна. Иймээс юуны түрүүнд тамхины хэрэглээг хязгаарлах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй арга хэмжээ болохыг АНУ-д тамхины хэрэглээг 1965 онд 20-р зууны эхний хагасаас 42.4%-аар, 1990 он гэхэд 25.5%-аар бууруулснаар эрэгтэйчүүдийн дундах уушгины хорт хавдарын шалтгаант нас баралт бараг тэнцүү хэмжээгээр буурсан үр дүнгээс харж болно. Харамсалтай нь 1990 оноос одоог хүртэл тамхины хэрэглээг дахин бууруулж чадаагүй байна. Тамхи таталтыг бууруулах арга хэмжээнд хувь хүн, хамт олонд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох кампанит ажлууд, тамхи татдаг хүмүүст психотерапик болон никотины бэлдмэл суулгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. Эмийн эмчилгээ нь эмчийн мэдлэг, ур чадвар, эмчийн бэлдмэлийн үйлчлэл, чанар, хувь хүний хяналт зэрэг хүчин зүйлсээс хамаардаг бол нийгэм, хамт болон хувь хүний тамхинд хандах хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь цаг хугацаа, хөрөнгө санхүү, хүчин чармайлт шаарддаг ч үр дүн бага, ялангуяа олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй бол үр дүнгүйд тооцогддог байна. Ялангуяа тамхины ургамал тариалагчид, тамхины үйлдвэрүүд, улс төр, эдийн засгийн лобби бүлэглэлүүдийн зүгээс ирэх дарамт нилээд сөргөөр нөлөөлдөг байна. Гэвч Их Британи, Финланд, Польш зэрэг Европын орнууд орнууд энэ чиглэлээр нилээд амжилтанд хүрчээ.   

1950-аад оны үед уушгины хорт хавдарын өвчлөл болон тамхидалтын хоорондох хамаарал нь тусгай генүүдтэй холбоотой байж болох бөгөөд эдгээр генүүд нь тамхидалт болон уушгины хавдарын өвчлөлийн аль алинд нь нөлөө үзүүлдэг гэсэн таамаглалыг Фишэр дэвшүүлжээ. Орчин үеийн молекул биологийн судалгаагаар энэхүү таамаглал нь батлагдсан бөгөөд зарим хүмүүсийн ДНХ-д тэрхүү өвөрмөц генүүд агуулагддаг ба тамхидалтын улмаас эдгээрийн генийн нөлөөгөөр уушгины хорт хавдар үүсэх эрсдэл улам бүр нэмэгддэг байна. CYP1A1 болон GSTM1 зэрэг өвөрмөц ген агуулсан хүмүүсийн хувьд уушгины хавдараар өвчлөх эрсдэл нь нас болон тамхи татсан түүхээс үл хамааран эмэгтэйчүүдэд 6.54 дахин, эрэгтэйчүүдэд 2.36 дахин их байдаг байна9. Иймээс хүн амын дундах уушгины хорт хавдар үүсгэгч CYP1A1, GSTM1 генүүдийн биомаркерийг илрүүлж, тэднийг тамхинаас гаргах эмчилгээнд хамруулах нь үр дүнтэй, эрсдэлт бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэлт байж болох юм. Гэвч нөгөө талаас хорт хавдар үүсгэгч ген агуулаагүй хүн амын бүлэг тамхи үйлдвэрлэгчдийн гол бай болох эрсдэл ч мөн бий.

Тамхинд агуулагдах хорт бодисын нөлөөгөөр хавдарын ген үүсэх мехинизмыг дараах байдлаар тайлбарлажээ. Төрөл бүрийн карциногенүүд бусад харь төрлийн бодисуудтай нэгэн адил хүний биед нэвтэрээд, цитохром P450 болон нэмэлт 2 төрлийн энзимийн үйлчлэлээр усанд уусамтгай болгосноор биеэс хялбархан ялгарах боломжтой болгодог. Энэ механизм идэвхитэй ажиллаж байх үед бие махбодь хавдараас хамгаалагдаж байдаг. Гэтэл карциноген болон цитохром P450-ын хоорондох харилцан үйлчлэлийн үед нилээд урвалж чанар өндөртэй, электрон цэнэг бүхий  завсарын бүтээгдэхүүнүүд үүсэх бөгөөд эдгээр нь эсийн ДНХ-тэй харилцан үйлчлэлцэж, түүний бүтцийг өөрчилдөг байна. Ийм шалтгаанаар бий болсон ДНХ-ын гажигийг засварлах систем эсийн дотор ажиллаж байдаг боловч RAS онкогены гажилт, MYC генийн олшролт, BCL2 генийн ялгаруулалт, P53, RB, p16, FHIT зэрэг хавдар дарангуйлагч генүүдийн мутац зэрэг олон төрлийн генетикийн шалтгаанаар энэхүү системийн үйл ажиллагаа доголдох нь хавдар үүсэх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг байна.

Уушгины хорт хавдар үүсгэгч генүүд бий болох, идэвхижих үйл явцыг дарагуйлах химийн бодисууд ашиглах уушгины хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх аргыг химийн урьдчилан сэргийлэлт гэдэг бөгөөд энэ нь уушгины хорт хавдарын эрдсдэлийг бууруулахад чухал нөлөөтэй болох нь тогтоогджээ. Үүнийг тамхины хэрэглээг хязгаарлах аргатай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй юм. Тамхинаас гаргах эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн ихэнхи нь тодорхой хугацааны дараа дахин тамхи татаж эхэлдэг бөгөөд тэдний хувьд эсийн бүтцэд хавдар үүсгэгч генүүд аль хэдийнээ бий болсон байдаг учир бусад хүмүүсээс илүү өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс тамхи олон жил татсан болон тамхинаас гаргах эмчилгээ үр дүнгүй болсон хүмүүсийг химийн эмчилгээнд хамруулах нь нэн чухал юм. Химийн эмчилгээнд ашиглаж болох хамгийн үр дүнтэй бодисуудад изотиоцианатууд болон мио-инозитол багтаж байна. Судлаачид мио-инозитол нь аденокарцинома үүсэх эрсдэлийг 64%-аар, дексаметазонтой хавсран хэрэглэх үед 86%-аар бууруулдаг болохыг тогтоожээ. Эдгээр нь загалмайт цэцгийн овгийн ургамууд болох брокколи, цэцэгт байцаа, байцаа, гич, усан ногоо, төрөл бүрийн шош зэрэгт их хэмжээтэй агуулагддаг байна. Эдгээр нэгдэлүүд нь цитохром P450-ын оролцоотойгоор хавдар үүсгэгч бодисуудыг биеэс гадагшлуулах явцад үүсдэг завсарын бүтээгдэхүүнүүд эсийн ДНХ-д үйлчлэх үйл явцыг дарангуйлдаг болох нь тогтоогдсон. Иймээс дээр дурьдсан бодисуудыг эмийн бэлдэл болгох хэрэглэхээс гадна өдөр тутмын хоолонд тэдгээрийг агуулдаг хүнсний ногоонуудыг өргөн хэрэглэх нь уушгины төдийгүй бусад төрлийн хорт хавдаруудаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга байж болох юм.

Түүнчлэн витамин А болон каротинойдын бүлгийн бодисууд, лицопен зэрэг антиоксидантууд, селени зэрэг нь зөвхөн уушгины хорт хавдар төдийгүй нилээд хэдэн төрлийн хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон учир эдгээрийг ч химийн урьдчлан сэргийлэлтэд ашиглаж байна.

Гадаад орчны бохирдол, тэр дундаа агаарын бохирдол болон ажлын байран дахь хавдар үүсгэгчийн хэрэглээ  нь уушгины хавдар үүсгэгч хүчин зүйлсийн дотор голлох байрыг эзлэнэ. Аж үйлдвэрлэл, барилгын салбарт хэрэглэгддэг арсени, асбест, хром, никель болон түүний нэгдэлүүд, винил хлорид зэргийн хэрэглээг хязгаарлах, технологийн өөр шийдэлийг хайж олох, боломжгүй тохиолдолд хөдөлмөрийн эрүүл ахуйн дэглэмийг чанд баримтлах, хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэглэлийг зүй зохистой хэрэглэх замаар энэхүү эрсдэлээс сэргийлж болно. 

Харин агаарын бохирдол нь зөвхөн нийгмийн эрүүл мэндийн төдийгүй, улс төр, эдийн засаг, аж үйлдвэрлэл зэрэг олон салбартай нягт холбоотой хүн бүрийн оролцоо, хүчирхэг удирдагчийн манлайлал шаардсан нийлмэл асуудал болоод байгаа нь агаарын бохирдолоос шалтгаалсан уушгины хорт хавдар төдийгүй бусад төрлийн өвчнүүдийн өвчлөл, нас баралтыг бууруулах ажилд томоохон саад болж байна.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-12°C
Шөнөдөө -26° / Өдөртөө -12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1583402Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55600Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45158Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36569Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34481Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11605Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7121Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1254Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.