Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих

Л.ОЮУ-ОД

Нийт уншсан: 39362Нийт сэтгэгдэл: 41

Бидэнд спортын сэтгэл зүй - сахилга бат хэрэгтэй

Спортын сэтгэл зүйгүйгээр бид хол явж чадахгүй

2-р сарын 4 | 11 цаг 53 минут

2004 оны 11-р сарын 19. Индиана Пэйсэрс Аубурн Хиллсд зочилж тоглосон тоглолтын 4-р үеийн төгсгөлд Рон Артэст довтолж буй Бэн Воллос дээр алдаа гаргав. Бэн хариуд нь түүнийг хүчтэй тохойлдлоо. Улмаар Рон Артэст эсрэг багийн тамирчдаас гадна Пистонсын үзэгчидтэй зодолдож тэр улирлын турш тоглох эрхээ хасуулж, 86 тоглолтыг өнжсөн. Энэ бол алдарт Рэжжи Миллэрийн аварга авах хамгийн боломжит улирлуудын нэг байсан билээ. Тэгээд л сүйдсэн. Артэстаас гадна Жэрмэйн О’Нил, Стефан Жэксон нар  торгуулсан. Рэжжи, бодлогогүй Артэстийн энэ үйлдлээс болж дахин лигт тоглох хүсэлгүй болж тэр улиралд зодог тайлснаа сүүлд дурссан. Үүгээр ч зогсохгүй Артэст торгуультай байх үедээ солилцоонд орох хүсэлтээ илэрхийлж, зодооны асуудлаар үргэлж ард нь зогсож байсан багийн андууд, удирдлагуудын урмыг хугалсан юм. Жэрмайн О'Нил: "Тэр биднээс урвачихлаа" гэж хэлж байсан удаатай.

Рон Артэст (Метта Ворлд Пийс) 1999 онд анх Булссын эгнээнээс лигт тоглосон. Тэр үед тэрээр телевизийн ярилцлагад орж байхдаа “Би эхний хагасын 15 минутын завсарлагаар Хэннэсси (конъяк) уудаг. Шүүгээндээ хадгалчихдаг юм. Тэгээд хувцас солих өрөөнд орж ирээд нэг татчихдаг” гэж хэлээд баригдаж байлаа. Тэр ч болоогүй. Пэйсэрсд байхдаа RnB стилиэр уран бүтээлээ туурвих гэж сарын амралт багийн удирдлагуудаас асууснаасаа болж 2 тоглолтын торгууль хүртэж байлаа.

 Хаа хамаагүй нэг сагсчны талаар бичих гээгүй л дээ. Спортын сахилга батын талаар л дурдах гэсэн юм. Рон Артэстийн талбай дээрх сахилга батгүй байдлыг дурьдвал дуусахгүй. Харин талбайн гадна Гилбэрт Аренас байна. Гэмт хэрэг, буу шийдэм Аренасыг бас Визардсыг сүйтгэсэн. 6 жилийн 111 сая ам.долларын гэрээ хийчхээд дараагийн 3 жилд Визардсын төлөө ердөө 55 тоглолтонд оролцсон. Түүнээс болж НБЭ “Аренасын дүрэм” гээчийг хүртэл гаргасан юм. Энэ бол талбайн гадна сахилга батгүй байдлын жишээ.

Харин саяхан манай сагсанбөмбөгийн хоёр лигийн хамтарсан “21 аймгийн лиг”-ийн плэй оффын тоглолтын үеэр нэгэн аймгийн багийн тамирчид хоорондоо муудалцаж тэр нь хэрээс хэтэрч гар зөрүүлж, зодоон нүдээнээр төгслөө. Хамгийн гол нь АНУ-с ирж тоглож буй легионер тамирчин болоод Монгол тамирчид хоорондоо маргалдаж, зодолдсон нь асуудлыг дэвэргэсэн юм. Улмаар манайхан ч өлгөн авч амтай болгон ярилцаж, чихтэй болгон сонсож, фэйсбүүктэй болгон шэйрлэв. Зарим нэг нь арьс өнгөөр нь доромжилж байгаа бол зарим нь манайхан ийм тэнэг гэж жигших.

Тэгвэл манай лигт гарсан энэ үйлдэл мөн л сахилга баттай холбоотой ажээ. Мэдээж олон зүйлсийг холбож болно л доо. Систем, дүрэм журам, институц гэх мэт. Тэдгээр дундаас тухайн тамирчнаас хамаарч болох сэдвийг сонгоё.

СПОРТЫН СЭТГЭЛЗҮЙ

Спортын сэтгэлзүйч Монголд бий юу ? Зарим нь байгаа гэж магадгүй юм. Тэгвэл байгаа хэд нь мэргэжлээрээ ажилладаг уу ? Бараг үгүй. Өнгөрсөн оны намар Монголын жудо бөхийн холбооны их хурал дээр Х.Баттулга манай оронд спортын сэтгэлзүйч гэж байхгүй гэж хэлнэ лээ. Байдаг хэдэн сэтгэлзүйчид нь дандаа гэр бүлийн тухай, хайр дурлалын тухай хэдэн афоризм ФБ хуудас дээрээ бичиж баахан эрхий хуруу, эцэс төгсгөлгүй шэйр авдаг.

Тэр байтугай манай тамирчид дунд гар хөлөө их багаар гэмтээгээгүй хүн гэж байхгүй. Гэмтэнгүүт нь давстай хар цайгаар шавшаад л өнгөрсөн байсан. Одоо ч ихэнх нь тийм хэвээрээ. Үүнийг жудогийн холбооны их хурал дээр ерөнхийлөгч Х.Баттулга нь хэлсэн. Ганц жудогийн хувьд биш л дээ. Гэтэл ихэнх тамирчид бэртэл, гэмтлээс эргэн ирэхэд биеийн байдлаас гадна сэтгэлзүй маш чухал. Сэтгэлзүйгээсээ болоод бэртлээ бүрэн давж чаддаггүй тохиолдлууд их. Дээрээс нь тамирчин болгон өөр өөр сэтгэлзүйтэй. Олимпийн 8 алтан медалтай (1-г нь буухиа уралдааны багийнх нь тамирчнаас допинг илэрч сая хураалгасан) Усайн Болт л гэхэд уралдааны өмнө өөрийн алдарт тэнгэр өөд хоёр гараар заах хөдөлгөөнөө хийж, олны өмнө гарч биеэ бэлддэг бол Олимпийн 28 медалтай Майкл Фэлпс уралдааны өмнө бусдаас өөрийгөө тусгаарлаж, анир чимээгүй орчинд дуу сонсдог.

Сэтгэлзүйгээс гадна био механик, физиологи, кинезиологи гээд олон шинжлэх ухааны салбар спортод чухал. Спортын сэтгэлзүй дундаа бүр олон хуваагдана. Ерөнхийд нь амжилттай тамирчин байх 9 сэтгэлзүйн чадварыг спортын сэтгэлзүйн шинжлэх ухаанд:

  1. Хандлага - Зөв хандлагыг тогтоох
  2. Идэвхжүүлэх - Өөрийгөө идэвхжүүлэх зөв арга замыг олох
  3. Зорилго - Бодитой, өндөр зорилго тавих
  4. Харилцаа - Хүмүүстэй үр дүнтэй тохиролцох
  5. Өөрийгөө ойлгох – Сайн найзтайгаа ярьж буй мэт өөртэйгээ харилцдаг байх
  6. Оюун ухаан - Эерэг дүрслэлийг оюун ухаандаа бий болгох
  7. Айдас - Айдсыг зөвөөр дарах
  8. Сэтгэл хөдлөл - Сэтгэл хөдлөлөө үр дүнтэй барих
  9. Төвлөрөлт – Анхаарлаа сарниулалгүй төвлөрч чадах гэж хуваажээ. Бидний сайн мэдэх олон спортын тамирчид ганцхан ур чадвараар ийнхүү өндөр амжилтад хүрсэн гэж боддог ч үнэндээ тийм биш. Өндөр ур чадвартай тамирчид олон байдаг ч сэтгэлзүйгээсээ болж боломжоо алдах, ашигласан боломжоо хийсгэх гэх мэтчилэнгээс болж ур чадвараа юу ч үгүй хийдэг. Аренас нэг жишээ нь.

Эдгээр 9 ур чадварыг 3 шатанд хуваана.

Эхний шатанд хэдэн сар, жилийн туршид тухайн тамирчинд суусан байх ёстой ур чадварууд. 2-р шатанд уралдаан тэмцээнд ороход өөрийгөө бэлтгэх тухай бол 3-р шат нь тэмцээний үеэр, тоглолтын үеэрx чадварууд юм. Сэтгэлзүйн ур чадварууд. Эдгээр ур чадваруудыг эзэмшсэнээр мэргэжлийн тамирчны сэтгэлзүйн чадваруудтай боллоо гэсэн үг. Энэ бичвэрийн гол сэдэв болох сэтгэлзүй – сахилга бат эцсийн шатны ур чадваруудын нэг.

САХИЛГА БАТ

Шинжлэх ухааны үүднээс бий болсон эдгээр ур чадваруудыг спортын сэтгэлзүйчид тамирчдад олгодог. Биеийн, техникийн ур чадвар эзэмшсэн хүмүүсийг сэтгэлзүйн ур чадвартай болгосноор жинхэнэ мэргэжлийн спортын тамирчин болно. Өндөр хөгжилтэй орнуудад тамирчдыг өсвөр наснаас нь бэлтгэдэг. Системтэйгээр.

Харин НБЭ-д энэ байдал өөрөөр ажиглагддаг л даа. Ядуусын хороолол, хүнд амьдралаас гарч ирсэн өнгөт арьс залуучууд дан биеийн, техникийн ур чадвараар нүдсээр лигт орж ирдэг. Улмаар сэтгэлзүйн чадварууд тэр дундаа сахилга батгүйгээс болж алддаг. Нэг сахилга бат алдсан тамирчин өөр багт ороход хүндрэлтэй байдаг. Ганцхан НБЭ гэлтгүй

Хөлбөмбөгт гэхэд Арсеналд тоглож байсан Никлас Бэндтнэр байна. Сэтгэлзүй маш муу. Данийн шигшээ багтаа тоглохдоо Бэндтнэр гайхалтай байдаг. Учир нь шигшээ багт нь супер од цөөн учраас ачааллыг өөр дээрээ үүрч тоглохдоо сайн байдаг. Гэтэл клубтээ ирэхээр супер одуудад дарагдаж, тухайн өрсөлдөөнөөс гарч чаддаггүй. Дээрээс нь Германы Волфсбургт очоод хэд хэдэн өдөр бэлтгэлд хоцорч ирсэн, хэт их унтдагаас болж гологдож, Бэндтнэр багаасаа хасагдаж одоо Английн доод лигт олиггүй л явж байна. Сэтгэлзүйн дутуу байдал клубийнх нь муу тоглолтоос харагддаг бол сахилга батгүй байдал нь Волфсбургээс хасагдсанаас нь тод харагдана. Иймэрхүү сахилга бат дутмаг жишээг Өмнөд Америкийн тамирчдаас бүр их хардаг. Өөр нэг жишээ хөлбөмбөгт. Ливэрпүүлийн хамгаалагч Мамаду Сако дөнгөж сая Премьер лигээс унахгүйн төлөө өрсөлдөж буй Кристал Паласт зээлээр очлоо. Ливэрпүүлийн менежер Юүргэн Клопп түүнийг өнгөрсөн зун аялан тоглолтоор багийн дүрмийг зөрчсөнөөс болж үндсэн багт хагас улирал тоглуулсангүй. Улмаар түүнийг авах том баг ч олдсонгүй. Үүгээрээ Юүргэн Клопп сахилга батгүй байдлыг цаашид гаргаж болохгүй гэдэг мэдэгдлийг тамирчиддаа өгсөн. Энэ бол ур чадвартай хэрнээ сахилга батгүй тамирчин том багуудад тоглодоггүйн жишээ. Барселона, Реал Мадридаас гарч ирсэн олон шилдэг тамирчид гологдоод жижиг багуудад тоглодог. Үнэхээр ур чадвартай ч гэсэн бас л сэтгэлзүйн чадвар тэр дундаа сахилга бат дутмаг учраас том багуудад гологдоод жижиг багуудад очно. Сахилга бат гэхээр ганцхан зодоон нүдээн хийхгүй байх биш л дээ. Цагтаа ирэх, талбай дээр дасгалжуулагчийн хэлснийг биелүүлэх, талбайн гадна биеэ зөв авч явах гэх мэт олон зүйлс бий.

Манай лигт гарсан тэр үйлдэл мөн л сахилга батгүй байдлын илрэл. Легионер тамирчин болоод манай тамирчдын үйлдэл сахилга батгүйн илрэл. Дасгалжуулагч нь плэй оффын тоглолтонд ирээгүй нь мөн л сахилга батгүйн илрэл. Ганцхан тамирчин биш дасгалжуулагч ч гэсэн сахилга батыг тогтоох ур чадварыг эзэмших ёстой. Арга барилуудыг хэрэглэх ёстой. Жишээ нь Юүргэн Клопп алдаа гаргасан тамирчинг хэр ур чадвартай байсан ч хамаагүй багаас явуулсан нь бусдад сануулга болсон. Гэтэл манайд зарим тохиолдолд багийн од тамирчин бусдаас давуу эрхтэй байдаг. Энэ бол багийн бусад тамирчид дүрэм зөрчих, сахилга батгүй байж болдог юм байна гэдэг ойлголт төрүүлдэг. Энэ мэт ганцхан тамирчнаас бус дасгалжуулагчаас хамаарсан сахилга батын ойлголт манай спортод тэр дундаа багийн спортод ховор юм шиг. Европын лигүүдэд дасгалжуулагчид нь бэлтгэлдээ хоцордоггүй биз ? Хэрэв тэгдэг дасгалжуулагч байвал ямар ч ур чадвартай байсан баг дасгалжуулахгүй. Сахилга бат бүх спортод чухал ч гэсэн багийн спортод илүү хамаатай. Учир нь багийг бүрдүүлэх, багийн доторх сахилга бат, бүх гишүүд адилхан сахилга батыг барих гэх мэт илүү олон зүйлсийг сахилга батын хүрээнд багийн спортод хэрэгжүүлэх ёстой.

Мөн сахилга батын тухай ойлголтод улс, үндэстний онцлог их хамаардаг. Өмнөд америк хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй учраас тэднээс сахилга бат алдсан үйлдлүүд маш их ажиглагддаг. Өмнөд америкийн хөлбөмбөгийн тоглолтуудад тамирчид нь хоорондоо үргэлж л маргалддаг, муудалцдаг, хуудас авна, хөөгдөнө. Мөн өнөө л НБЭ дэхь өнгөт арьстнуудын үйлдлүүд байна. Африк гаралтай тамирчдаас их харагдана. Манайх мөн адил цээжээ дэлдэх дуртай, омогших дуртай улсууд. Эдгээр нь талбай дээр маш их харагдана. Лигийн тоглолтын үеэр шүүгч рүү дайрах, тоглолтын дараа заналхийлэх гэх мэт. Өмнөд Америкчууд угийн цөс хөөрүү. Африкын орнууд хөгжил дутуу учраас энэ нь хувь хүнээс их харагддаг. Манай орон ч хөгжиж амжаагүй учраас талбай дээр биеэ зөв авч явахаас эхлээд л... Тэнгэрлэг, эр зоригтой, Чингисийн удам гэдгээрээ их бахархдаг учраас намайг юу ч дийлэхгүй гэсэн хандлага их.

Бидэнд спортын сэтгэлзүйч хэрэгтэй байна. Спортын бүхий л талбарт бид амжилт гаргаж  л байна. Бөмбөгтэй хоккейн ДАШТ-с хүрэл авлаа. Өнгөрсөн намар сагсанбөмбөгт оюутны ДАШТ, 3х3-д үзүүлсэн амжилтууд гэх мэт. Зөвхөн багийн спортын хувьд шүү. Багийн спортод амжилтгүй гэдэг учраас зөвхөн багийн спортын амжилтыг дурдлаа. Холбоодууд хөгжиж байгаа гэдэг. Тэгвэл хөгжихдөө сэтгэлзүйтэйгээ хамт хөгжицгөөе өө! Бидэнд зайлшгүй сэтгэлзүйч хэрэгтэй байна. Бүх спортын талбарт. Бидэнд амжилт гаргахад нөөц бололцоо дээрдсээр л байна. Одоо тэгвэл хооллолт, сэтгэлзүй гээд шинжлэх ухааны салбарууддаа анхаарлаа хандуулцгаая !

Сайшаах нэг зүйл байгаа нь одоо бид энэ байдлыг арай илүү ойлгож эхэлжээ. Жишээ нь 21 аймгийн лигт Архангайн багийн арын албанд сэтгэлзүйч бий. Энэ талаар сагсанбөмбөг сонирхогчид дунд солгой Ариука гэж алдаршсан багийн туслах дасгалжуулагч Ариунболд “Манай баг сэтгэлзүйчтэй. Өмнө нь сэтгэлзүйч байгаагүй. Одоо л манайд орж ирж байна. Энэ бол манай багийн давуу тал” гэж хэлж байсан. Сэтгэлзүйчтэй байснаар багийн уур амьсгал ч сайхан байдаг. Архангайн багийн бэлтгэл дээр очиход ч харагдаж байсан. Архангайн дасгалжуулагч Эрдэнэпүрэв өөрөө сэтгэлзүйчтэй байхыг хүсдэг учраас “Төв Ургац”-ыг дасгалжуулж байхдаа ч багтаа сэтгэлзүйчтэй байсан. Системээрээ сэтгэлзүйг бүрдүүлж чадахгүй юмаа гэхэд тамирчин бүр, баг бүр, арын албан бүр сэтгэлзүйчтэй байвал амжилт илүү гаргаж болно гэдгийг ухамсарлая. МУБИС-ын дасгалжуулагчийн анги, спортын ангид ч спортын сэтгэлзүйн талаар ордоггүй. Ядаж бид ахлах ангийн сурагчдад, янз бүрийн спортын секц, дугуйланд явж байгаа хүүхдүүдэд спортын анхан шатны сэтгэлзүйн хичээл, сургалтыг оруулмаар байна.

Рон Артэст 2010 оны НБЭ-гийн шигшээ цувралын 7 дахь тоглолтонд Бостон Сэлтиксийг хожиж анх удаа аварга болсныхоо дараа “Бүгдэд нь баярлалаа. Ялангуяа сэтгэлзүйчдээ” гэж хэлсэн нь зүгээр нэг хэрэг биш байв. Артэст сэтгэлзүйч дээр очихоосоо өмнө сайн багийн анд ч байж чадаагүй гэдгээ ухаарснаа дурссан. Артэст Бостон Сэлтиксийн эсрэг тоглолтод 20 оноо авч маш сайн тоглосноос гадна 6 жилийн өмнө Аубурн Хиллсд үзэгч рүү дайрсан аархуу залуу биш болсон байсан. Энэ бол АНУ-ын Олимпийн багийн сэтгэлзүйч Никол Миллер хэмээх бүсгүйн ач гэдгийг Артэст хэлсэн. Тэр 2009 онд сэтгэлзүйчийн хаалгыг татсан нь өөрийнх нь гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсныг дурдсан билээ. Хэннэсси завсарлагаанаар уудаг байснаас эхлээд дуу дуулах гэж сарын чөлөө авсан, үзэгчийг зодож, үргэлж ард нь зогсож байсан Пэйсэрсийн багийн андууд, удирлагын урмыг хугалж, Хардэнийг тохойлдсоноос хойш Артэстийн хар бараан мэдээллийг бид сонсоогүй л байна. Ядаж л тэр сайн багийн анд,  талбай дээр сэтгэл хөдлөлөө хянаж чадах нэгэн болсон. Ганцхан сахилга бат ч биш дэлхийн шигшээ цувралын 7 дахь тоглолтод гайхалтай тоглох сэтгэлзүйг Артэст сэтгэлзүйчээсээ авч чадсан юм.

 

2

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.**Оогий   • 2018, 1 сарын 29. 22 цаг 46 минут

Гоё

202.131.235.**Amgalan   • 2017, 2 сарын 20. 15 цаг 21 минут

Amjilt husiye.

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420062Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46862Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39362Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31168Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29449Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4995Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.