Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Тоймч, нийтлэлч

У.ОРГИЛМАА

Тоймч, нийтлэлч ...

Нийт уншсан: 34667Нийт сэтгэгдэл: 14

“Юу гэнэ ээ”, З.Энхболд дарга аа!

6-р сарын 14 | 12 цаг 32 минут

ШХАБ амжилттай боллоо. Ерөнхийлөгч маань гэнэн гэнэн хүсэлтээ тавиад жижүүрийн хариулт өвөртлөөд “чадлаараа” л оролцоод ирлээ. Бүс нутагтаа “захалж” яваа өнөөгийн байр сууриндаа нийцүүлэнхэн Төрийн далбаагаа дагаад захдуу зогсоод зурагаа авахуулсан зэргээр нь баалаад яахав. Жижиг асуудал. Гэхдээ Ерөнхийлөгч маань ШХАБ-ын тухайд бол хэлэх ёстой үгээ л хэлээд ирсэн шүү. “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна ”. Түүний хэлэх үгийн эрх мэдлийн хүрээ ёстой л “энэ хүрээд өндөрлөж” байсан.  Үүргээ сайн биелүүлж оролцсон гэдгээс хэн ч гажихгүй биз ээ. 

Харин ирснийх нь дараа... Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ШХАБ-ын уулзалтад оролцсон талаараа сайхан дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Үр дүнгээ тайлбарлаж, ач холбогдлыг товойлгосон байна. Тухайлбал, “В.Путин “нефть хийн хоолойг Монголоор дамжуулаад тавьчихъя” гэж анх удаа хэлж байна шүү дээ” гэсэн байх юм. 

Уг нь 2014 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санктпетербургт болсон олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэр Монголын хэвлэлүүд “ОХУ-д хэрэгтэй бол Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой тавих саналыг Монголын Засгийн газар дэмжихэд бэлэн”  гэх асуудлыг Оросууд нааштайгаар хүлээн авч “Путины талын зам”/Степной путь Путина/ гэж нэрлэж ч болох талаар яриа өрнүүлсэн тухай мэдээлж байв. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч В.В.Путин “Энэ талаар “Газпорм”-д чиглэл өгнө, та бүхэн нарийвчлан ярилцаарай”  хэмээжээ” гээд тэр аяараа мэдээлсэн. Энэ мэдээлэл ташаа байсан уу, эсвэл В.Путин хуурсан уу гэдгийг өнөөдөр мартацгааж дээ. Дээрх “адал явдал” дээд хэмжээний уулзалтад романтик мөрөөдөл тээж очиж болох ч фантастик мэдээлэл огт цацаж болдоггүйг сануулсан биз ээ. Энэ удаад дахиад “В.Путин анх удаа...” гэчихлээ.

Уг нь биелсэн бол үүнээс сайн мэдээ гэж юу байхав. ОХУ яг л тэр үеийнх шигээ Европын холбооны хоригт “дөнгөлүүлсэн” хэвээр байна. Орос, Хятадын хоорондох хийн хоолойг татах “зардал” өссөнөөс зай нь өөрчлөгдөөгүй. Харин тухайн үед ярьж байсан шиг тодорхой тооны “тэрбум ам.долларын” гэрээнд гарын үсэг зурах л дутуу. Тэгэхээр энэ дурсамжийг сануулсан гурван улсын хэлэлцээр хийн хоолойн хувьд мөнөөх л “татгалзахгүй, боломжийг судална” гэдэг хариулт өгснийг даруухнаар тайлбарлах нь зүйтэй байх .

ШХАБ-д элсэхийн тухайд бол дэлгүүрт дугаарлахаас өөр гэдгийг ноён З.Энхболд сайн мэдэж байгаа. Гэсэн ч “манайхаас өмнө өргөдлөө өгчихөөд элсэж амжаагүй улсууд”-тай харьцуулах, “хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд “Танайхыг өргөдлөө өгвөл бид хурдан элсүүлнэ шүү. Яагаад гэвэл танай нутгаар явах дэд бүтцийн ажил хүлээгдэж байна” гэснийг эш татах  нь тийм ч тулхтай тайлбар биш болов уу.

Энд нэг зүйлийг онцлон хүлээн авсан нь, ШХАБ-д элсэн талаар “Хугацаа хэлээгүй. Гэхдээ бидэнд дотооддоо хийх гэрийн даалгавар үлдсэн” гэсэн нь эхлээд анхаарал татлаа.  ШХАБ-ын одоогийн гишүүдээс, хөршүүдээс “гэрийн даалгавар” авах юм бол Монгол Улс хэн юм бэ . Оюутан уу, сурагч уу. Монголын төр ямар “даалгавар” авсан гэж. Арай хариуцлагагүй зүйрлэл үү, үгүй юу. Цаашилбал, “Засгийн газар УИХ-даа бичгээ явуулах хэрэгтэй” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “зааварчлав”. Ерөнхийлөгчийн, эсвэл өөрийнх нь байр суурь уу. Институци хоорондоо ингэж эрэмбэлэгддэг, харилцдаг бил үү.  

Дараагийн хариуцлагагүй мэдэгдэл нь, сэтгүүлчийн асуусан “Манай улсын хувьд төвийг сахих нь тохиромжтой гэж нэлээд ярьсан. ШХАБ-д элсвэл төвийг сахих бодлого юу болох вэ?” гэдэг асуултын хариултаас харагдав. 

Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “төвийг сахих бодлого бол төрийн гадаад бодлого биш Ц.Элбэгдоржийн хувийн бодлого байсан” гэж хэллээ.  Харин ШХАБ-ын хувьд төрийн гадаад бодлого явж байна гэж хэлээд “Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлого төрийн бодлого болж УИХ-аар батлагдах ёстой” гэж тулгажээ. Тулгасан гэх үү, зөвлөсөн гэх үү.

Ерөнхийлөгчийн хоригийг алдаатай биччихээд “засаад уншчихаарай” гэдэг Тамгын дарга нь УИХ дээр хориг нь унахад юу бодож суудаг бол.  Тухайлбал, ШХАБ-д элсэх бодлогыг нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд дэмжигдэхгүй бол “Х.Баттулгын хувийн бодлого дэмжигдсэнгүй” гэх үү. Ийм маягаар тайлбар хийгээд байвал тун зохимжгүй л өдрүүд угтаж байгаа юм байна. 

УИХ-ын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллана гэдэг бол том карьер. З.Энхболд гэдэг улстөрч хар ярианы хэлээр бол “томорсон”. Харин “томоожих” болоогүй байна.  “Том мэдэгдлүүд” нь Ерөнхийлөгчийнхөө байр суурийг бүрэн илэрхийлж байгаа эсэх нь эргэлзээтэй санагдах боллоо.  Саяхан З.Энхболд даргын Ерөнхийлөгчийн суудалд суусан зураг нийтлэгдэж анхаарал татсан. Зохимжтой байсан эсэх тухайд хэр ач холбогдол өгөх нь тэр зургийг харсан хүмүүсийн л хэрэг. Харин хувийн бодлоо илэрхийлэхэд тэгж өөр хүн орлон сууж болдог эсэхийг мэдэхгүй ч тун чиг зохиж, ёстой л “байх ёстой байрандаа суужээ” гэж бодогдсон. 

Үлгэрт бол “Залдаг ноёнтой, засдаг түшмэлтэй байжээ...” гээд гардаг. Тэгэхээр ноён нь ухаан муутай байлаа ч түшмэл нь, одоогийнхоор бол Тамгын газар нь сайн байхад болдог байх нь” гэж боддог байв. Харин “залдаг түшмэлтэй” бол ноён нь яаж засдаг тухай тэр үлгэрт байгаагүй л дээ. 

Ерөнхийлөгчийг олонхоос хол байлгаж “вакумжуулж алсан” тохиолдол энэ удаад бүү давтагдаасай.  Яагаад сонгууль дуусаад жил болох гэж байхад Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэл сонгуульд дэмжсэн багийнхан төдийхнөөр хязгаарлагдаж, “Манай” биш “Миний” Ерөнхийлөгчийн хэмжээнд байна вэ гэдгийг анзаарах л ёстой. Цаадахын чинь шахам хоолой, бахим биед иргэдийнх нь нүд, сэтгэлд дасч өөриймсөж эхлээд байна. Өмнөөс нь элдэв мэдэгдэл хийх, “өнгийн цаас, будгаар” гоёх хэрэггүй болсон. Яагаад гэвэл Монголын ард түмний олонх нь давтан давтан Х.Баттулгыг сонгосон юм шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа хэнийг сонгосон нь Монголын ард түмэнд тийм ч чухал биш болов уу. 

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

5°C
Шөнөдөө 0° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1512875Сэтгэгдэл: 554

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 50590Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 41177Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 34667Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 32077Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11226Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6258Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1591Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.